
Шинэ Засгийн газар бүрдэж, өчигдрөөс ажилдаа орон, анхны хуралдаанаа хийж 2025 оны төсөвтөө “Хэмнэлтийн тодотгол” хийж эхэлсэн. Энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэх товтой.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “өвлүүлэн” нэг асуудал бол “Онтрэ гоулд” ХХК-ийн гэрээг хэрхэх хэлцэл буюу УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан 103 дугаар тогтоол.
Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 103 дугаар тогтоолыг баталсны дараа ач холбогдлыг нь тодотгон хэлэхдээ, “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэгдэнэ. Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа” гэж байсан.
Тэгвэл Г.Занданшатарын Ерөнхий сайд болсноор хэрэгжүүлэх ёстой бас нэг ажил бол Оюу толгой ордын талбай дахь Онтрэ-гийн 2 лицензийн асуудал, Монголын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хангуулах яриа хэлцэл билээ.
Онтрэ-ийн эзэмшлийн “Шивээ толгой” болон “Жавхлант” талбайд нийт Оюу толгойн алт, зэсийн бүлэг ордын
- зэсийн нөөцийн 24 хувь,
- алтны 42 хувь,
- мөнгөний 29 хувь,
- молибдений металлын 94 хувь нь агуулагддаг.
“Онтрэ” нь өөрийн эзэмшил дэх хоёр талбайгаа “Оюу толгой” ХХК-д шууд шилжүүлэх хэлцлийг Монголын Засгийн газрын оролцоогүй хийчихсэн. “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп давхар “Онтрэ”-гийн томоохон хувьцаа эзэмшигч. Түүнчлэн Гүйцэтгэх захирал нь ажлаа өгч, шинэ нь томилогдоогүй байгаа.
“Онтрэ”-гийн талбай нь “Рио Тинто”-той хийсэн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг бүх баримт бичгээр тусдаа асуудал гэдгийг УИХ, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг тогтоогоод байгаа билээ.
Тийм ч учраас “Онтрэ”-гийн хоёр талбайг “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд ашиглуулахын тулд тусдаа гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Онтрэ”-гийн 34-өөс доошгүй хувийг Засгийн газар авах шаардлагууд үүсдэг.
Ямартай ч хэлцэл удааширч байгаатай холбоотойгоор “Оюу толгой”-д шилжүүлэх “Шивээ толгой” төсвийн ажил саатсан байна. Гүний уурхайн төсөл энэ талбайд үргэлжлэх ёстой. Иймд уурхайн хөгжүүлэлтийн ажил ч тодорхой хэмжээнд саатаад байгаа аж.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд томилогддог өдрөө уг асуудлаар “Байр сууриа ил тод илэрхийлэх эрт байна. Хувь хүнийхээ хувьд “Онтрэ”-тэй тусдаа гэрээ байгуулах нь зүйтэй гэж боддог” хэмээсэн юм.
Өмнө нь Оюу толгойн хэлэлцээг ХЗДХ-ийн яамнаас сайдаар нь ажлын хэсэг байгуулан хийж байсан. Харин энэ Засгийн газарт Онтрэ-гийн асуудалд Аж үйлдвэр, эрдэнс баялгийн сайд ажлын хэсгийг ахлахаар болсон.
Иймд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Засгийн газарт чиглэл өгч баталсан 103-р тогтоолыг Ерөнхий сайд болоод өөрөө хэрэгжүүлэх үе ирлээ. Ингэхдээ Монгол Улсын эрх ашгийг бүрэн хамгаалж, үр ашигтай, Үндэсний баялгийн сангаа арвижуулах хэлцэл хийгдэхийг монголчууд хоног тоолон хүлээж байна.