
Монголчуудын оюун ухаан, тэсвэр хатуужлыг сорих, үндэсний онцлогт тулгуурласан томоохон шоу нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Наадгай” нэртэй энэхүү уралдаант шоу нь 100 оролцогчийг сонгон шалгаруулж, олон сорилуудыг даван, оюун ухаан, хүч чадал, авхаалж самбаа, эр зоригийг шалгах үндэсний хэв шинжтэй өрсөлдөөнөөр ялагчийг тодруулах юм.
Шоуны ялагч 150 сая төгрөгийн эзэн болох бөгөөд зөвхөн шагналын төлөө бус, өөрийгөө сорьж, монгол хүний чансааг харуулах боломжийг олгоно
Энэхүү шоуны талаар “Наадгай” төслийн 1-р найруулагч Н.Энхмаа:
- “Наадгай” шоуг контент бүтээгч “IWONDER” студи, кино урлаг, шоу нэвтрүүлгийн мэргэжлийн баг болох “TEAMHERO production”-тай хамтран бүтээж байна. Бүтээлд 100 гаруй уран бүтээлч, техникийн баг, найруулагч, зураглаач, зохиолч зэрэг олон салбарын мэргэжилтнүүд нэгдэн оролцож байгаа нь энэ шоуны чанарыг илтгэнэ. Мөн зохион байгуулагчдын зүгээс зөвхөн үзвэр үйлчилгээний контент бус, үндэсний хэмжээний бүтээл байлгахыг зорьж байгаа.
“Наадгай” шоуны гол зорилго нь залуу үеийг монгол уламжлал, соёл, байгаль, эх оронч үзэлд үндэслэсэн сорилтод уриалан дуудах, тэсвэр тэвчээр, оюуны хүч, зориг зүрхийг сорих замаар шинэ үеийн Монгол хүний үнэт чанарыг тодотгох юм.
Түүнчлэн энэхүү шоу нь:
- Хүүхэд, залуусын үнэт зүйлд суурилсан зөв хандлагыг төлөвшүүлэх
- Монгол соёл, уламжлалаа орчин үеийн контент хэлбэрээр сэргээн дэлгэрүүлэх
- Байгаль орчноо хайрлах, хамгаалах үзэл санааг түгээх
- Үзэгчдийг хөгжөөхийн зэрэгцээ урам зориг, бахархал төрүүлэх зэрэг олон нийтийн боловсрол, нийгмийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлэх олон давхар зорилго агуулж буй.
“Наадгай” бол зүгээр нэг шоу биш – энэ бол Монгол хүний тэсвэр, оюун ухааны хүчийг харуулах талбар юм.