
Израилын зэвсэгт хүчин Ираны агаарын орон зайг хяналтдаа авсан байж болох ч Израилд Ираны Фордо цөмийн байгууламжийг устгаж чадах зэр зэвсэг байхгүй нь гарцаагүй аж.
Их Британи, Францыг холбосон газар доорх төмөр замын туннелээс ч илүү гүнд байрладаг тус байгууламж нь нийслэл Тегеран хотоос өмнөд зүгт 96 км зайд байрлах бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрт чухал ач холбогдолтой уран баяжуулах хоёр үйлдвэрийн нэг юм.
Фордо уран баяжуулах байгууламж нь газрын түвшнээс доош 80-90 м гүнд байрладаг бөгөөд уг байгууламжийг анхнаасаа энгийн пуужин болон тэсрэх бөмбөгийн цохилтонд өртөхгүй байхаар төлөвлөж байгуулсан аж.
Израилын зэвсэгт хүчинд газар доорх байгууламжуудыг устгах зориулалттай зэр зэвсэг байдаг ч тэдгээр нь 10 метрийн гүнд л хүрч үйлчлэх чадалтай бол зөвхөн АНУ-ын зэвсэгт хүчинд Ираны Фордо байгууламжид хүрч, устгах чадалтай “bunker buster” буюу GBU-57 Massive Ordnance Penetrator (MOP) нэртэй тэсрэх бөмбөг байдаг аж.
13 000 кг жинтэй MOP тэсрэх бөмбөг нь тэсрэхээсээ өмнө 18 м зузаантай бетон ханыг нэвтэлж, газрын түвшнээс доош 61 м гүн рүү орох чадалтай аж. Гэсэн ч уг тэсрэх бөмбөг нь газар доорх Фордо цөмийн байгууламжийг 100 хувь устгаж чадна гэсэн баталгаа байхгүй аж.
Фордо уран баяжуулах байгууламж нь Израилын агаарын цохилтод өртөж, устсан гэгдэж буй Натанц цөмийн байгууламжаас ч гүнд баригдсан аж.
Израилын болон барууны тагнуулын албаныхан Фордо цөмийн нууц байгууламжийн гол хоёр туннелд байрлах центрифугт Тегеран цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах ураныг баяжуулдаг гэж үзэж байгаа юм.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Израилын Ираны эсрэг цэргийн ажиллагаанд нэгдэж, Израилд туслах эсэх дээр Ерөнхийлөгч Д. Трамп эцсийн шийдвэрээ гаргаагүй байгааг онцолж байна. Цагаан ордонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг Израилын довтолгоонд АНУ нэгдэх үү гэсэн асуултад, “Нэгдэж ч магадгүй, үгүй ч байж магадгүй.” хэмээн хариулжээ