
2025 оны 6 дугаар сарын 19-ний байдлаар Монгол Улсад Улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 8,455-д хүрчээ. Өдөрт дунджаар 100–200 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдварын эрч тасрахгүй байна. Өвчнөөр нийт 6,579 хүн эдгэрсэн ч эмнэлэгт 682 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дотор 3 хүн нэн хүнд, 37 хүн хүнд, 565 хүн дунд зэргийн байдалтай байна. Гэрийн тусгаарлалтад 1,188 хүн байна. Өвчнөөс шалтгаалсан нас баралт 6 тохиолдол болжээ.
Улаанбурхан өвчний хавьтлын тоо нийт 63,052-д хүрч, халдварын голомт улам тэлж байгаа нь олон нийтийн анхаарлыг онцгойлон татаж байна.
Хамгийн их эрсдэлтэй бүлэг — товлолт вакциндаа хамрагдаагүй 10–14 насныхан
Улаанбурхны халдвар насны бүлгээр авч үзвэл 10–14 насны хүүхдүүдийн дунд хамгийн өндөр буюу 3,771 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ насны хүүхдүүдийн 75–80 хувь нь вакцинд бүрэн хамрагдаагүй болох нь эмч мэргэжилтнүүдийн анхааруулж буй гол шалтгаан юм. Мөн 0–4 насны хүүхдүүдийн дунд 1546, 5–9 насныханд 1081, 15–19 насныханд 1129 тохиолдол бүртгэгдсэн нь бага насны хүүхдүүд Улаанбурханд хамгийн өртөмтгий байгааг харуулж байна. .
Сургуулиуд голомт болж, сурагчид хамгийн их өртөж байна
Улаанбурхан өвчний голомт ерөнхий боловсролын сургуулиуд болоод байна. Эцэг эхчүүдийн зүгээс хичээллэж байсан анги танхимд нь өвчний тохиолдол илэрсэн ч хичээл хэвийн үргэлжилсэн, хүүхдүүд нууц үедээ байсаар халдвар тараасан талаар мэдээлж байна. Түүнчлэн вакцины эхний тунгаа хийлгэсэн ч хоёр дахь тунгаа хийлгээгүй хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Сургуулийн орчинд илэрсэн тохиолдлуудыг хөл хорих, анги танхимыг тусгаарлах зэрэг арга хэмжээ авалгүй явуулсаар халдварын тархалтыг дэмжсэн хэмээн олон эцэг эх бухимдаж байна. Хувийн сургуулиуд хичээлээ долоо хоногийн өмнө завсарлуулсан ч улсын сургуулиуд хэвийн үргэлжилсээр байсан нь халдварын гинжин хэлхээг тасалж чадаагүй шалтгаан болжээ.
Элсэлтийн шалгалт ба халдварын эрсдэл
Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал
- Хонхны баярын дараа элсэлтийн шалгалтын үе эхэлсэн. Энэ нь олон зуун хүүхэд нэг дор цугларч буй өндөр эрсдэлтэй орчин болж байна. Гэтэл халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа талаар тодорхой заавар, удирдамж ЭМЯ-наас ирээгүйг шалгалт хариуцсан албаныхан онцоллоо.
Өвчтэй хүүхдүүдийг тусад нь анги гарган шалгалтад хамруулж буй ч нууц үедээ яваа хүүхдүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулалт дутагдаж байгаа талаар эцэг эхчүүд шүүмжилж байна. Өрхийн эмнэлгүүд эрүүл хүүхдэд акт өгөхөөс татгалзаж, сургуулиуд актгүй бол хичээл таслалтаар тооцож байгаагаас хүүхдээ гэрт нь байлгах боломж хязгаарлагдмал болжээ.
Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна
ХӨСҮТ болон бусад эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй, хүүхдүүд ээлжээ хүлээн халуурч хэвтэж буй тухай мэдээллийг эцэг эхчүүд хэлж байна. Халдварын тоо өдөрт 200–300-аар нэмэгдэж байхад эмнэлгүүд оргүй, эмчилгээний нөөц хомсдож байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Харин энэ талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад:
“Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд л хэвтүүлэх боломжтой харин хөнгөн хэлбэрээр илэрсэн бол гэрээр эмчилгээ зааж өгнө” гэв.
Харин эцэг эхчүүд халдвар авсан хүүхдээ гэртээ байлгах нь бусад хүүхдүүддээ халдаах эрсдэлийг нэмэгдүүлж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.
Вакцин бол цорын ганц найдвартай хамгаалалт
О.Дашпагма ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй боловч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр батлагдсан тохиолдлын голомтын хавьталд 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцин хийлгэх боломжийг хүлээн авах яаралтай тусламжийн хэсэг 24 цагаар олгож байгаа аж.
Иргэдийг товлолын дагуу хоёр тун вакцинд бүрэн хамрагдахыг, харьяа эмнэлэг дээрээ товлолын дархлаажуулалтын байдлаа шалгахыг уриалж байна.