
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллаа.
“ДЦС-3” ТӨХК-д гарсан осолтой холбогдуулан тус станцад болон төрийн өмчит бусад цахилгаан станцад онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоолоо.
Энэ үеэр “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар: Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Та бүгдийн мэдэж байгаагаар 9-р машины үйл ажиллагаа зогссон. ЦЕГ, ТЕГ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ба техникийн осол гэмтлийг тодорхойлохоор ажлын хэсэг ажиллаж байна. Гэмтсэн 9-р машин руу нэвтрэх эрхийг хараахан авч амжаагүй. Тиймээс эцсийн дүн гараагүй, мөн хохирлын дүн гараагүй байна. Уг машиныг хэвийн үйл ажиллагаанд нь оруулж амжихгүй байсан ч дулааныг өнгөрсөн жилийнхтэй адилхан хэвийн үйл ажиллагаатай явуулахаар бид зохицуулалт хийж байна. 9-р турбин генераторын хувьд энэ жил огт ажиллахгүй. Гадна үзлэгээр бол шинэчлэхээс өөр аргагүй гэж харагдаж байгаа.
Зуухны үйлдвэрлэсэн уурыг бууруулан хөргөх журмаар дулааны халаагчуудаа ажиллуулна. Салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гараад 7-р турбин генератор өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс хойш ажиллаагүй. Энэ машиныг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагааг хэвийн явуулахаар гэрээ хийгдсэн. Хэрвээ энэ машин ажиллаад эхэлчихвэл 25 мегабайтын турбин генератортай болно гэсэн үг. Манай байгууллагын турбин генераторуудын ажиллах хугацаа нь бүгд дууссан. Гэхдээ бид ажиллуулсаар байна. Одоогийн байдлаар төлөвлөгөөт зогсолттой байгаа. Наймдугаар сарын 1-нээс ажиллуулахаар төлөвлөөд явж байна. Өндөр даралтын станцад таван машин байдгаас сая нэг нь аваар гараад зогслоо. Салбарын хяналтын газраас 5-р машиныг ч бас зогсоох шийдвэр гарсан ч өвлийн их ачааллыг давахын тулд ажиллуулсаар байна.
Турбин генератор маань олон тоног төхөөрөмжөөс бүтдэг. Өөрөө тусдаа үнэтэй байдаг. 9-р машин нийт 34 багц хөрөнгөөр санхүү дээр бүртгэгдсэн. Үүнээс хэд нь гэмтэл авсан гэх эцсийн дүгнэлт гараагүй. Манайх бол онцгой объект болохоор тусгай харуул хамгаалалтын шаардлагыг байнга хэрэгжүүлдэг. Гэхдээ 2025 оноос гарсан шаардлагууд биелэгдээгүй байж магадгүй. Зөвхөн дулааны эрчим хүч нь өндөр зардлаар бүтдэг ч бага үнээр зарагддаг болохоор хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, нийгмийн хангамж болон ажилчдын цалин хөлс дээр дутагдалтай байна” хэмээв.