
Өнөөдөр монголд “дундаж давхаргаа барьж идэх” нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжиж байна гэвэл маргах хүнгүй бизээ. Учир нь төсвийн орлого бүрдүүлэгч элдэв олон татвар, тэтгэвэр, тэтгэмжийн эх үүсвэр болсон нийгмийн даатгалын санг яг одоо хөдөлмөр эрхэлж буй “дундаж давхарга”-ынхан л бүрдүүлдэг.
Үндэсний статистикийн хороо: Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 53.7 мянган аж ахуйнн эгж, байгууллагын 811.6 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (8.9%)мянга, өмнөх улирлаас 1 (1.9%) мянгаар тус тус өсөж, НДШ төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 58.2 (7.7%) мянгаар, өмнөх улирлаас 24.2 (3.1% )мянгаар мөн өсжээ.
Гэхдээ сүүлийн дөрвөн жилд төрийн албан хаагчдын тоо 10 хувиар өссөн бол аж ахуйн нэгжид ажилладаг албан хаагчдын тоо энэ хугацаанд ердөө 8.9 хувиар өссөн байгаа юм. Үүний цаана татвар, шимтгэлийн зөв бодлого, орчинтой байсан бол хувийн хэвшилд ажиллагсад илүү өсөх учиртай.
Дэлхийн аль ч улсад иргэний хуулиар зохицуулсан гэрээний дагуу олж байгаа орлогыг хөдөлмөрийн харилцаатай адилтган үзэж, татвар шимтгэл авдаггүй. Харин манай улсад энэ төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар гээд цалингийн орлоготой нь амдилтан бүх татвар шимтгэлийг авчихаж байгаа юм. Хэдийгээр “Эв санааны зарчим” гэх үл ойлгогдох агуулгатай нийгмийн даатгалын тогтолцоо нь өнгөрсөнд хийж, хуримтлуулсан тэтгэврээ өнөө хөдөлмөрлөж буй иргэдийнхээ шимтгэлээр нөхөн олгоод явдаг энэ тогтолцоог дэлхий дахин халаад “нэрийн данс” үүсгэн өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээ өөрийн ирээдүйд зориулан төлдөг болоод хагас зууныг үдчихээд байна. Үүнийг бид өндөр тэтгэврээрээ хил дамнан амарч, аялаж байгаа Ази, Европ эмээ, өвөө нараас тодхон хардаг.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын санаачилгаар бусад 40 орчим гишүүдийн нэгдэн УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин: “Хуулийн төсөлд, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасахаар заасан байна. Түүнчлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор тусгасан”
Уг хуулийн төсөл батлагдвал, дунджаар 254 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байна. Мөн 2025-2027 онд
- ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 1508,
- хоол, унаа, түлээ, нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 2479,
- ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14371, нийт 18358 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ.
Шинээр бий болох ажлын байрны өсөлтөөр нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын орлого 2025-2027 онд дунджаар 242.1 тэрбум төгрөгөөр өсөх юм.
Түүнчлэн макро эдийн засагт үзүүлэх нөлөө нь ДНБ эхний жилд 973 тэрбум, хоёр дахь жилд 820 тэрбум, гурав дахь жилд 695 тэрбум төгрөг, нийт 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэх хүлээлттэй байгаа юм.