
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд “Засгийн газрын гишүүдийг томилох тухай” асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.
Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор “Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж, нээлттэй, зарчимч, тууштай ажиллахаа илэрхийллээ. Мөн хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, шударга ёсыг сахин хамгаалж, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахаа мэдэгдсэн юм.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАРЫН НАМТАР
БОЛОВСРОЛ
- 1995-1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр;
- 2008 онд Отгонтэнгэр Их Сургуулийг Хууль зүйн ухааны магистр
- 2012 оноос Монгол Улсын Их Сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, Хууль зүйн ухааны докторант
ТУРШЛАГА
1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын еренхий бүртгэгч
2012 онд Монгол Улсын Еренхий сайдын зөвлөх
2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
2016-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023-2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга