
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй бродюр ашигладаг байсан. 1-2 жилийн дараа уур амьсгалын нөлөөг даалгүй бутарч, дахин дахин солих шаардлага гардаг байв” хэмээн тайлбарлав. Энэ жилээс эхлэн зам дагуух бродюрыг байгалийн чулуугаар хийж эхэлсэн бөгөөд шинэ бродюр 20-оос дээш жилийн насжилттай байх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хяналтгүй үйлдвэрлэлээс бат бөх технологид шилжив
Өмнө нь цементийн орц багатай, хяналтгүй үйлдвэрлэгдсэн бетон эдлэлүүд олон замд тавигдаж, нийслэлийн төсөвт нэмэлт дарамт үүсгэдэг байв. Жил бүр давтагддаг бродюр солих ажлыг зогсоохын тулд байгалийн чулуу ашиглаж эхэлсэн нь хөрөнгө оруулалтыг нэг удаа хийж, олон жилийн турш ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Иргэдийн сэтгэгдэл эерэг байгаа ч анхаарах зүйл бий
Замын шинэчлэл, бродюр солилт иргэдийн анхаарлыг татаж, олон нийт өнгө үзэмж, ажлын хурд, хөдөлгөөнд учруулж буй хүндрэл бага байгаад сэтгэл хангалуун байна.
“Манай хажуугийн замыг богино хугацаанд, шөнийн цагаар хийж дуусгасан байсан. Өмнө нь олон хоног ундуй, сундуй орхидог байсантай харьцуулахад үнэхээр өөрчлөгдсөн байна” хэмээн Баянзүрх дүүргийн оршин суугч онцлов.
Байгалийн чулуугаар хийж буй шинэ бродюр, явган хүний замын тохижилт нь өнгө үзэмж төдийгүй эдэлгээ, үр ашиг талаасаа ч тодорхой ахиц гаргаж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ажлын зохион байгуулалт сайжирч, иргэдийн үнэлгээ өссөн нь шинэчлэл зөв чигт урагшилж буйг харуулна. Харин эдгээр ажлын чанар, эдэлгээг ирэх жилүүдэд дахин дүгнэх нь илүү бодитой үнэлгээ болох юм.