
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтцээ танилцуулав. Яг одоо УИХ-ын гишүүд шинээр томилогдож буй Сайд нараас асуулт асууж байна. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн 3/1-ийг хэвээр нь үлдээж буй.
Тэрбээр, “Харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх асуудлуудаа шийдүүлэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх төрийн нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хамтатган ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Гадаад гео стратегийн нөхцөл байдал нэн хүндэрч байна. Үүнээс шалтгаалсан тарифын дайн, олон улсын нөхцөл байдал улам бүдрээтэй болж байна. Энэ цаг үед эмхлэн байгуулагдах Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь одоо хамгийн зүйтэй гэж үзлээ. Ийм учраас өмнө нь ажиллаж байсан ЗГ–ын гишүүдийн 3/1-ийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа. Мөн нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Энэ төслүүдийг үргэлжлүүлж цааш нь хэрэгжүүлэн ажиллуулахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ийм байдлаар хэвээр нь үлдээж байна. Түүнчлэн энэ шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзлээ. Яагаад гэвэл ЗГ–ын үйл ажиллагааны хөтөлбөр бол сонгогчдын саналыг хаяхгүй байх зорилгоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс эмхлэн, ийм хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэн ажиллахын тулд улс төрд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах ийм зарчмыг баримталлаа” гэв.