
2025 оны 7-р сарын 2-8-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Mongolia Fashion Week 2025” нь Монголын хувцас загварын салбарыг нэгтгэх, дотоодын бүтээлч үйлдвэрлэлийг олон улсад гаргах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой томоохон төсөл болон өрнөх гэж байна. Арга хэмжээний гол зорилго нь Улаанбаатар хотыг Төв Азийн загварын нийслэл болгох явдал юм.
Салбарын нэгдэл, туургануудын хамтын ажиллагаа
Арга хэмжээний эхний өдөр “Хувцас загварын форум” Төрийн ордонд болох бөгөөд энэ үеэр хувцас загварын салбарын нэгдсэн холбоог байгуулах, салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, туургатнуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтууд тавигдана. Энэ бол зөвхөн загвар биш, соёлын дипломат харилцаа, үндэсний өвийг таниулах алхам юм.
Соёлын өвийг тээсэн загварын нэгдэл
“Үндэстэн ястны өв соёл хэв шинжийг агуулсан загварын тэмцээн”, “Face of Mongolia 2025” зэрэг үйл ажиллагаанууд нь үндэстэн ястнуудын өв соёлыг сэргээхээс гадна олон улсын тайзанд Монголыг төлөөлөх залуу моделиудыг тодруулах чухал хөтөлбөр болно. Ялагчид “Asian Model Festival” болон “Elite Look World” тэмцээнд оролцох эрхтэй болж, дэлхийн загварын ертөнцөд хөл тавих боломж нээгдэнэ.
Мотиваци, боломж, бизнес
Энэ жилийн онцлох илтгэгч бол АНУ-ын бизнесмен, “Аз жаргалын эрэлд” номоороо алдартай Крис Гарднер. Тэрбээр залууст хувь хүний хөгжил, урам зориг, бизнесийн боломжуудын талаар илтгэл тавина. Үүнээс гадна салбарын шилдгүүдийг тодруулсан MFW Awards, сэтгүүл танилцуулга, өдөр тутмын үзэсгэлэн худалдаа, загварын шоу зэрэг үйл ажиллагаанууд Улаанбаатар хотын төв гудамж, театрын урд талбай, Сүхбаатарын талбайг бүхэлд нь хамарна.


Аялал жуулчлал, эдийн засгийн синержи

MFW 2025 нь зөвхөн урлаг соёлын арга хэмжээ бус аялал жуулчлал, эдийн засгийн хөшүүрэг болохоор төлөвлөгдөж байна. Өдөрт 30,000 гаруй хүн татах энэхүү долоо хоногийн хүрээнд загварын гудамжинд үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль, контент уралдаан зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанууд өрнөнө.
“Дээлтэй Монгол” хүндэтгэлийн алхалт
Арга хэмжээний сүүлийн өдөр Сүхбаатарын талбайд болох “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны парад нь Монгол туургатны соёлын өнгө төрхийг илэрхийлсэн, ёслол төгөлдөр хаалтын арга хэмжээ байх юм. Япон улсын эзэн хааныг хүндэтгэн угтах тусгай хөтөлбөр ч мөн багтжээ.
Mongolia Fashion Week 2025 бол Монгол үндэстний соёл, бүтээлч үйлдвэрлэл, залуу үеийн ур чадварын нэгдэл бөгөөд Улаанбаатар хотыг олон улсын загварын газрын зурагт тод байр суурь эзлэх боломжоор хангаж байна.
“Mongolia Fashion Week 2025” 2025.07.02 – 2025.07.08-ны хооронд болно.