
“Залуу Од” спорт клубын нэрэмжит монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө. Төв аймгийн Зуунмод хотноо модон бөмбөгийн УАШТ-нийг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр 2023-2025 онд цол зэргийн нэгдсэн ангиллын дагуу модон бөмбөгийн спортын болзол хангасан тамирчдад цол зэрэг олголоо.
Ингэснээр 23 тамирчин ОУХМ, спортын мастер, дэд мастер цол хүртлээ.
Монголын модон бөмбөгийн холбооны цол зэргийн зөвлөлийн 2025 оны 06 сарын 9-ний өдрийн хурлын тогтоолыг үндэслэн тамирчдад улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулан өглөө. Энэ оны УАШТ-д эмэгтэй 6, эрэгтэй 8 багийн 70 гаруй тамирчин өрсөлдөж, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорилоо.
2025 оны УАШТ-нээс шалгарсан тамирчдаар шигшээ багаа бүрдүүлэн хилийн чанадад явагдах тэмцээн уралдаанд оролцуулах зорилготой байгааг холбооны хамт олон онцоллоо. Энэ онд модон бөмбөгийн спортын баг тамирчдыг БНХАУ, Тайланд, Хонгконг, Индонез зэрэг улсуудад тэмцээн хүлээж байна.
“Газрын шатар” хэмээн нэрлэгддэг уг спортын төрлөөр Монгол Улсад мэргэжлийн түвшинд буюу модон бөмбөгийн дэд мастерын цолоос дээш зэрэгтэй 200 гаруй тамирчин хичээллэж байна.
Монгол хүн хичээллэхэд хамгийн тохиромжтой төрөл бөгөөд жилийн 4 улиралтай хэдий ч тамирчид аль болох тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хангаж, спортоороо тогтмол ур чадвараа дээшлүүлдэг байна.
Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан: Модон бөмбөг нь эко спорт учраас тамирчдад байгалийн сайханд өрсөлдөхөөс гадна ач тусаа өгч байдаг төрөл юм

-Монгол Улсын модон бөмбөгийн тамирчид жилийн 4 улирлаас үл шалтгаалан тогтмол хичээллэж, дотооддоо болон Олон улсдаа амжилт ялалт үзүүлэхийн төлөө эрмэлзэн зорьж явдаг. Энэ удаагийн УАШТ-нээс шалгарсан тамирчдаар Улсын шигшээ багаа бүрдүүлэн хилийн чанадад тэмцээн уралдаанд оролцуулна.
2025 онд БНХАУ, Хонгконг, Тайвань, Индонез улсад манаай улсын шигшээ баг тамирчдыг Олон улсны тэмцээнүүд хүлээж байна. Жилээс жилд тамирчдын ур чадвар ахиж, даацтай өрсөлдөх хэмжээнд очсоныг дотоодын тэмцээн болон УАШТ-ний чанар чансаа харуулдаг.
Мөн 05 дугаар сард Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнээс тодорсон шилдэг тамирчид энэ удаагийн УАШТ-д оролцож буйгаар онцлогтой.







