
Берлин хотноо болсон Berlin Music Video Awards (BMVA) шагнал гардуулах ёслолд Монгол уран бүтээлч Magnet Brain буюу Маргад хоёр төрлөөр нэр дэвшин, “Шилдэг дуучин” болон Obscure Agency-гийн “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг хүртсэн нь Монголын урлагийн түүхэнд шинэ хуудсыг нээв.
Цахилгаан мэт цоглог, гүнзгий мэдрэмжтэй уран бүтээлүүдээрээ олны анхаарлыг татаж, сэтгэл хөдлөлийг давалгаалуулж чаддаг түүнийг хүмүүс Magnet Brain хэмээх нэрээр танина. Энэ нэрний утга санаа ч түүний бүтээл шигээ гүн гүнзгий. Энэ талаар тэрбээр:
“Би бодож санасан зүйлээ авч чаддаг болохоороо ийм нэр өгсөн. Хэрэв чи ямар нэг зүйлийг үнэхээр хүсвэл, чи хийж чадна. Зүрх сэтгэл, оюун бодолдоо төвлөрөх л хэрэгтэй. Ийм л санаа бий.” хэмээн тэр тайлбарлажээ.
Түүний “Шилдэг дуу” шагналыг хүртсэн Soul Mantra бүтээл нь бид бүхний сайн мэдэх “Тэнгисийн эрэг дээр – 247” шоуны дуу юм. Magnet Brain уг бүтээлээ:
“Миний зүрх сэтгэл оюун санааг минь хэрхэн анагааж байгааг харуулсан. Би Soul Mantra-г нартай зүйрлэнэ. Харин өнөөдөр танилцуулсан бүтээлээ сартай харьцуулна. Харанхуй, эргэцүүлэлтэй мэдрэмж агуулсан.” хэмээн өгүүлжээ.
Түүний уран бүтээлүүд нар, сар шиг хоёр өөр өнгө аястай боловч аль аль нь сэтгэл хөдлөлөөр дүүрэн, өөр өөрсдийн хэв маягийг шингээж байв.
Magnet Brain BMVA-ийн тайзнаа гарахын тулд гурван сарын турш уйгагүй бэлтгэл хийжээ
“Хувцас, нүүр будалт, тайзны бэлтгэл зэрэг олон зүйл байсан. Амаргүй байсан ч үнэхээр догдлуулсан, онцгой үйл явдал болсон.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүний энэхүү шагнал бол зүгээр нэг амжилт бус, шаргуу хөдөлмөр, урам зоригийн үр дүн байв.
Magnet Brain бол өв уламжлалаа орчин үетэйгээ хослуулж чаддаг уран бүтээлч
Түүний өмссөн тайзны хувцаснууд ч ямагт түүнийг бусдаас онцгойруулж байдаг.
“Даашинз бүр өөрийн утга агуулгатай. Уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан. Загварлаг, дэгжин, онцгой харагдах ёстой байсан.” хэмээн ярьсан Magnet Brain-ийн энэхүү тайзнаа өмссөн хувцас, дүр төрх бүр зөвхөн гоо зүйн талаасаа биш, соёлын уялдаа, өөрийн үнэт зүйлийг илэрхийлсэн нь олны анхаарлыг татав.
Obscure Agency-гийн “Шилдэг шинэ уран бүтээлч” шагнал хүртсэн сэтгэгдэлдээ тэр:
“Бурхан минь, маш их баярлалаа! Хоёрын хоёр шагнал авчихлаа шүү дээ! Гайхалтай!” хэмээн хуваалцсан юм.
Magnet Brain бол зүгээр нэг дуучин бус, уран бүтээлээрээ дамжуулан дотоод ертөнцөө илэрхийлж, хүмүүсийн сэтгэлд хүрч чаддаг шинэ үеийн уран бүтээлч. Түүний уран бүтээл бүр өөрийн ертөнцтэй. Харин энэ ертөнцийн үүдийг нээсэн нь Soul Mantra байлаа. Маргадын дуу хоолой дэлхийн тавцанд улам цуурайтаж, амжилтаа ахиулах нь цаг хугацааны асуудал боллоо.