
Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс нь тираннозавр төрлийн үлэг гүрвэлүүдийн хамгийн ойрын өвөг эцгийнх болохыг тогтоожээ.
Эрдэмтэд уг шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” (Khankhuuluu mongoliensis) гэдэг нэр өгчээ.
Nature сэтгүүлд бичсэнээр уг нээлт нь тираннозавруудын ургийн модыг эргэж харах, тираннозавруудын хувьслын түүхийг дахин шинээр бичих боломжийг олгож байгаа аж.
Үлэг гүрвэлүүдийн эрин үеийг дуусан дуустал Хойд Америк болон Азид ноёрхсон хүчирхэг араатнуудын нэг болох тираннозаврууд нь хоёр хөл дээрээ явдаг махчин үлэг гүрвэлүүдийн дэд төрөл бөгөөд Монголоос олдсон араг яс нь тираннозаврууд нь анх маш жижиг биетэй байсныг илтгэж байгааг Канадын Калгари их сургуулийн палеонтологич профессор Дарла Зелиницки онцолжээ. Түүнтэй хамт уг судалгааг удирдсан Жаред Ворисын хэлснээр тираннозаврууд нь анх маш жижиг биетэй, хурдан хөдөлгөөнтэй, махчин үлэг гүрвэлүүд байсан аж.
Тираннозавруудын төрлийн хамгийн алдартай үлэг гүрвэл болох T-Рекс нь дунджаар 4500-8000 кг жинтэй байсан бол түүний өвөг эцэг гэгдэж буй “khankhuuluu mongoliensis” нь 750 кг орчим жинтэй байжээ. “Khankhuuluu mongoliensis” үлэг гүрвэлийн хоёр тусдаа араг яс нь 1970-аад оны эхээр Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон ба тэдгээр араг ясыг анх алектрозавр төрлийн үлэг гүрвэлийн яс хэмээн ангилсан байжээ.
Тираннозавр төрлийн үлэг гүрвэлүүд нь олон сая жилийн турш Хойд Америк болон Ази тив хооронд Сибирь, Аляскаар дамжин нүүдэллэдэг байсан нь тухайн үлэг гүрвэлүүдийг хувьсан өөрчлөгдөхөд хүргэжээ. Профессор Дарла Зелиницки, “Энэхүү нээлт нь бидэнд тираннозаврууд нь хаад болохоосоо өмнө ханхүү нар байсныг харуулж байна” хэмээн онцолжээ.