
АНУ-ын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 250 жилийн ойн баярын парад тус улсын нийслэл Вашингтон хотод өнгөрсөн бямба гарагт болж өнгөрчээ. АНУ-ын Зэвсэгт хүчний ойн баярын парад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 79 насны төрсөн өдөртэй давхацсан ба Ерөнхийлөгч Д. Трамп, гэргий Меланиягийн хамт уг цэргийн парадыг индэр дээрээс үзэж сонирхсон байна.
Ойн баярын парадад 6.6 мянган цэрэг, агаарын зэвсэгт хүчний 50 онгоц, хуурай газрын 150 машин техник оролцжээ. Америкийн зарим улстөрчид болон зэвсэгт хүчний удирдлагууд зэвсэгт хүчний ойн баярын жагсаалд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан явдалд шүүмжлэлтэй хандаж байна. АНУ-ын зэвсэгт хүчний мэдээлснээр ойн баярын парадад 25-45 сая ам.долларыг зарцуулсан аж. АНУ-ын Зэвсэгт хүчний ойн баярын парадыг 200 мянган хүн, ёслолын салют буудлагын үзүүлбэрийг 800 мянган хүн үзэж сонирхжээ.
Зэвсэгт хүчний ойн баяртай зэрэгцэн Америкийн томоохон хотуудад Ерөнхийлөгч Д. Трампын эсрэг жагсаал цуглаанууд өрнөсөн байна. Нью Йорк, Филадельфия, Хьюстон зэрэг хотуудад болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд хууль тогтоогчид, үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд, нийгмийн идэвхтнүүд оролцон Д. Трампын бодлогыг шүүмжлэн, үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Зохион байгуулагчдын тооцоолсноор АНУ даяар зохион байгуулагдсан эдгээр жагсаал цуглаанд сая сая иргэд нэгджээ. Лос Анжелес хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр жагсагчид болон Үндэсний гвардийн цэргүүд хооронд мөргөлдөөн үүсэж, хууль сахиулагчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомын зөвшөөрөлгүйгээр Лос Анжелес хотод Үндэсний гвардийн цэргүүд, тэнгисийн явган цэргүүдийг тараан байршуулснаар тус хотод Ерөнхийлөгч Д. Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан эрчимжсэн билээ. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт CBS сувгийн YouGov компанитай хамтран явуулсан судалгаагаар америкчуудын 54 хувь нь Д. Трампын хууль бус цагаачдыг албадан гаргах бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Иргэдийн 42 хувь нь Д. Трампын бодлого АНУ-ыг аюулгүй болгож байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, 53 хувь нь Д. Трамп аюултай гэмт хэрэгтнүүдийг албадан гаргах явдлыг чухалчилж байгааг онцолжээ.
Эх сурвалж: ABC NEWS