
Бидний өдөр тутмын хэрэглээнээс эхлээд соёлын арга хэмжээнүүд, сурталчилгаа, залуусын яриа хөөрөөнд хүртэл K-соёл давамгайлах боллоо. Энэ нь өөрөө гадаад нөлөөнд автагдаж буй нэг хэлбэр бөгөөд соёлын нөлөө төдий зүйл биш, эдийн засаг, үндэсний эрх ашигт ч халдаж болзошгүй эрсдэл дагуулж байна.
Солонгосын “соёлын довтолгоо” Монголд ямар замаар орж ирэв?
2000-аад оноос хойш Солонгосын олон ангит кино, телевизийн шоу нэвтрүүлгүүд монгол өрх бүрт хүрч эхэлсэн. Үүний дараа K-pop хөгжмийн урсгал үүсэж, залуусын дуу хоолой, соёлын хэрэглээг эзэлсэн. Энэ бүхэн зөвхөн зугаа цэнгэлийн салбарт л нөлөөлсөнгүй, хоол хүнс, хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүн, амьдралын хэв маягт хүртэл шууд нөлөөлж байна.
K-pop тоглолтууд Монголд тогтмол зохиогдох болсон бөгөөд энэ нь залуусыг Солонгосыг бишрэн шүтэх сэтгэлзүйд оруулдаг. Харин энэ явцад Монголын уламжлалт урлаг, үндэсний бахархал, дотоодын үйлдвэрлэгчид зах зээлээ алдаж байгааг бид хангалттай анзаардаггүй.
Үндэсний баяр наадмууд дээр K-поп давамгайлах нь
Сүүлийн жилүүдэд томоохон наадмууд, залуусын арга хэмжээ, хөгжмийн фестивалиудад үндэсний дуучид, урлагийнхан биш K-pop хамтлагууд урилгаар оролцох нь нэмэгдсэн. Энэ нь зохион байгуулагчдын зүгээс залуусыг татах зорилготой ч нөгөө талд өөрсдийн соёлоо хоёрдугаар зэрэглэлд тавих эрсдэл дагуулж байна.
Зөвхөн контент ч биш, тайзны гэрэл, дуугаралт, уран бүтээлийн найруулга гээд бүхэл бүтэн арга хэмжээний хэв маяг нь Солонгосын загварыг дуурайсан байдаг.
Гадаад контент, импортын брэндүүд дотоод зах зээлийг хэрхэн шахаж байна вэ?
2024 оны намар Улаанбаатар хотод зохиогдсон нэгэн K-pop тоглолтын үеэр тайзны хажууд зөвхөн Солонгос шар айраг, Солонгос брэндийн зууш, нүүр будалтын бүтээгдэхүүн борлуулж байсан нь олон хүний анхаарлыг татсан.
Энэ бол цэвэр бизнесийн стратеги бөгөөд солонгос соёлын довтолгоо зогсоо зайгүй бараа бүтээгдэхүүнээ хамт сурталчилдаг гэдгийн нэг илрэл. Монголын үндэсний пиво үйлдвэрлэгчид, ундааны брэндүүд ижил ивээн тэтгэлгийн боломж авч чаддаггүй. Харин Солонгосын том корпорациуд энэ боломжийг дээд зэргээр ашиглаж, өөрсдийн бүтээгдэхүүнийг соёлын нэр дор шургуулсаар байна.
K-соёлын арга хэмжээнүүдийн цаадах эдийн засгийн бодит байдал
БНСУ 1990-ээд оноос хойш “соёлын экспорт”-ыг гадаад бодлогын нэг хэрэгсэл болгон ашигласаар ирсэн. Хөгжмийн хамтлаг, кино, энтертайнмент салбарын бүхэл бүтэн экспорт нь үндэсний эдийн засагт нь шууд нэмэр болдог. Энэ бодлого нь Монголын хувьд тодорхой хэмжээнд бодит эдийн засгийн шахалт болж байна.
Монголын залуус K-pop тоглолт үзэхийн тулд өндөр үнээр тасалбар авч, Солонгос хувцас өмсөж, Солонгос пиво ууж, нүүрээ ч Солонгос бүтээгдэхүүнээр будаж байна. Энэ бүх хэрэглээ үндэсний үйлдвэрлэгчдэд биш, гадаад корпорациудад л ашиг авчирч байгаа нь бодит үнэн.
Соёлын уусалт уу, эсвэл соёлын эзлэн түрэмгийлэл үү?
Мэдээж залуу үеийн сонирхол, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хүсэл, чөлөөт мэдээллийн урсгалыг зогсоох боломжгүй. Гэхдээ бид өөрсдийн соёлоо мартан байж, бусдын соёлыг сохроор дуурайх нь уусалт биш уналт юм.
Солонгосын соёл өөрөө гайхалтай хөгжсөн, төлөвлөгдсөн, шинжлэх ухаанч системтэй. Гэвч энэ давалгаанд бид өөрсдийн язгуур соёлоо гээж, эдийн засгийн хараат байдал руу алхаж буйгаа ойлгохгүй байж болохгүй.
K-соёлын нөлөөг үгүйсгэх аргагүй ч, түүнийг шүүмжлэлгүйгээр хүлээн авч, үндэсний соёлоос илүүд үзэх хандлага болгох нь ноцтой асуудал юм. Хамгийн чимээгүй довтолгоо бол соёлын довтолгоо байдаг. Тиймээс монгол залуус соёлын мэдрэмжтэй, шүүлтүүртэй хэрэглэгчид байх хэрэгтэй бөгөөд төр, хувийн хэвшлийн зүгээс үндэсний брэнд, үндэсний урлаг, үйлдвэрлэгчдээ хамгаалж, дэмжих бодлого, хандлагыг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.