
Өнгөрсөн баасан гарагийн орой Иран улс Израилд пуужингийн цохилт үзүүлжээ. Израилын зэвсэгт хүчний мэдээлснээр Тегеран Израилын чиглэлд 100 гаруй пуужин хөөргөсөн аж. Ираны агаарын цохилтод Тель-Авив хотын хэд хэдэн байршил өртсөнийг цахим орчинд тархсан бичлэгүүдээс харж болох юм. Израилын Батлан хамгаалахын яамны барилга пуужинд оногдож, Ираны агаарын цохилтын улмаас багадаа 41 иргэн шархаджээ.
Израилын эрх баригчдын мэдээлснээр Израилын агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны хөөргөсөн пуужингуудын дийлэнхийг нь замаас нь устгаж чадсан аж. Axios сайтад бичсэнээр Ираны пуужингуудыг устгах явдалд Израилд АНУ-ын зүгээс туслалцаа үзүүлжээ. “Исламын хувьсгалчдыг хамгаалах” хүчин Израилд үзүүлсэн хариу цохилтоо “Үнэнч амлалт 3” гэж нэрлэсэн ба Израилын цэргийн болон агаарын нисэх хүчний баазууд, зэр зэвсгийн үйлдвэрүүдэд олон арван удаагийн цохилт үзүүлсэн гэжээ.
Тель-Авив Иран улс иргэний байршлуудад цохилт үзүүлснээрээ “улаан шугам”-ыг давсан болохыг онцлон, хариуд нь Ираны эрчим хүчний болон дэд бүтцийн объектууд, улс төрийн удирдлагуудад цохилт үзүүлнэ хэмээн сүрдүүлжээ. Өнгөрсөн 12-ноос 13-нд шилжих шөнө Тель-Авив Ираны зэвсэгт хүчин болон цөмийн объектуудад цохилт үзүүлсэн юм. Ираны шашны тэргүүн Али Хаменеи Израилыг Иранд дайн зарлаж байна хэмээн, Ираны зүгээс сионист дэглэмд зохих хариуг нь өгөх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж:BBC