
Энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Израилын агаарын нисэх хүчин Ираны уран баяжуулах үйлдвэрүүд, пуужингийн баазууд болон Тегеран, Исфахану, Тебризу зэрэг томоохон хотуудад агаараас цохилт үзүүлжээ.
Израилын агаарын нисэх хүчин Ираны зэвсэгт хүчний болон “Исламын хувьсгалын хамгаалагчид” корпусын штабууд, Ираны цөмийн хөтөлбөр дээр ажиллаж буй эрдэмтэд болон шашны удирдлагуудын амьдардаг бүс нутгуудад цохилт үзүүлсэн байна.
Ираны хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр Тегераны агаарын цохилтын улмаас “Исламын хувьсгалын хамгаалагчид” хүчний командлагч Хосейн Салами, физикч Мохаммед Мехди Техранчи нар амиа алджээ.
Израилын зэвсэгт хүчний төлөөлөгч Эфи Дефрин Израилын армийн цохилт нь Иран улс цөмийн зэвсэгтэй болоход маш ойрхон байгааг илтгэж байна гэжээ. Түүний хэлснээр Израилын эрх баригчид улсыг нь устгах зорилго тавсан дэглэмд үй олноор хөнөөх зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй аж.
Израилын Ерөнхий Беньямин Нетаньяху ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ Израилын Ираны эсрэг цэргийн ажиллагаа нь “Эрслэн лугаа ард түмэн” гэдэг нэртэй болохыг онцолж, Тегеран 9 цөмийн тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний уран нөөцөлж, 3 жилийн дотор 9000 баллистик пуужин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дурджээ.
Израил улс Иранд агаарын цохилт үзүүлсэнтэй холбоотойгоор Израил даяар онц байдал зарласан байгаа ба чухал шаардлагатай албан байгууллагуудаас бусад бүх аж ахуйн нэгжүүд, сургууль, цэцэрлэгүүд ажиллахгүй байгаа аж. Хоёр улс хоёулаа агаарын орон зайгаа хаасан байдалтай байна.
Ираны зэвсэгт хүчин Израилын цэргийн ажиллагааны эсрэг хариу арга хэмжээ авна гэдгийг Ираны зэвсэгт хүчний хурандаа Абольфазл Шекарчи мэдэгджээ. Тэрээр, “Сионист дэглэм болон АНУ өндөр төлөөс төлж, хүчтэй хариу цохилтыг амсах болно” хэмээн анхааруулжээ.