
Энэтхэгийн Ахмадабад хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон Air India агаарын тээврийн компанийн Boeing 787-8 Dreamliner зорчигч тээврийн онгоцны ослын улмаас тус онгоцонд зорчиж явсан 242 хүний 241 нь амиа алдаж, зөвхөн ганц зорчигч амьд гарсан байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Энэтхэг гаралтай Их Британи улсын иргэн, 40 настай Рамеш Висвашкумар онгоц хөөрсний дөнгөж дараахан маш чанга дуу гарч, онгоц осолдсон, энэ бүх үйл явдал маш хурдан болж өнгөрсөн тухай ярьжээ.
Тэрээр онгоцны ослын гарцын хажууд 11A суудалд зорчиж байсан аж. Нийгмийн сүлжээнд тархсан камерын бичлэгүүдээс онгоц хөөрөөд удалгүй өндрөө алдан унаж байгааг харж болох юм. Онгоц нисэх онгоцны буудлын ойролцоо байрлах анагаахын коллежийн дотуур байрны барилгыг мөргөж осолдсоны улмаас анагаахын коллежийн 50 гаруй оюутан шархдаж, 5 оюутан сураггүй болсон байна.
Тус ослын улмаас 217 том хүн, 11 хүүхэд, 2 нялх хүүхэд амиа алдсан ба амиа алдсан иргэдийн дотор Энэтхэг улсын 169, Их Британийн 53, Португалын 7, Канадын 1 иргэн байжээ. Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, ойр дотныхон цогцос таних ажиллагаанд оролцохоор Ахмадабад хотын эмнэлгийн гадаа цугларчээ. Ослын үед онгоц дэлбэрч, шатсан тул зарим зорчигчдын цогцсыг зөвхөн ДНХ шинжилгээгээр таних боломжтой байгаа тул хохирогчдын ар гэрийнхнээс ДНХ сорьц авч байна.
Эх сурвалж: bbc