
Бороо зүсэрсэн энэ өдөр ерөөс хаа нэгэн газар шанаагаа тулан, бодолд автан суугаа танд хань болох шүлгийн номуудыг санал болгохдоо яруу найрагч, орчуулагч, зохиолч Мө.Батбаярын “Мөнгөн будда авсан өдөр номоос” эхэлье гэж бодлоо.
***
Ээжийнхээ оёж өгсөн үзүүрсгэн дээлийг өмсөж явахдаа би
Энд л гар хуруу нь хүрч байсан болов уу гэж
Ханцуйных нь эмжээрийг имрэн явнам.
Хол суугаа ээжтэйгээ би
Ханцуйны хосмол эмжээр дээр уулздаг байж ээ, ингэж.
…
Уг нь энэ шүлэг нийт 16 мөртэй бичсэн хэдий ч ийнхүү хэсэгчлэн авлаа. Түүний ахуйлаг, мэдрэмжлэг эл шүлгүүдийн тухай ламайст яруу найрагч Б.Одгэрэл “…Монгол ахуйн давтагдашгүй, ховордон буй дүрслэлүүд тэгээд шинэлэг гоо зүй, сонирхолтой боловч орхигдсон сэдвүүдийг ирээдүйн уншигчилд нь хүлээж байгаа гэдэгт итгэнэ. Энэ бүхний үр хөврөл Мө.Батбаяр дүүгийн номд буй. Тийм аваас миний мэтэс эхэнд дурдсанчлан хайсан зүйлээ олоогүй ч яах вэ. Түүний нэгэн шүлэгтээ хэлсэн мэт шинэ номуудад нь “зууны өмнөх Нацагдоржтой таарах мэт сэтгэгдэлтэй суувал барав” хэмээн бичсэн байдаг.
Цаашилбал,
***
Аянч шувуудын түүчээ тэнгэрийн хээлд гарч
Айсуй цагийн аяс ч дохиоллоо шүү, энд
Ахархан зунтай Монголын минь наймдугаар сар, өндрийн сэрүү, мөндрийн будантай
Аав минь дээ, хүний амьдрал ч ялгаагүй гурван морины нас, ач ухаарах зуурхан өрнөлтэй.
Айрагт унасан хулгана буюу, амьдралд ирсэн бид
Агь голлож гүйцэлгүй л буцаад бууралтдаг биш үү?
Арван зургааны саран улаан тэргэл манддаг л
Арын маань уулын сандуу мод диваажингийн орных биш үү
Тэр модонд нэгэн шувуу жигүүрийг минь ац гэж
Тэргэл сарнаа улаан туяатай шөнөжингөө донгодлоо гэв үү
Тэрлэг нөмгөлж гадаалахуй чөдрийн морьд шивэр авир
Та тэгээд зүүднээсээ сэртэл сарны туяа нүүрэн дээр тань тусаж байсан гэв үү?
Хүдэн будантай уул нь хүнийх болоод минийх лоо
Хүрэн жаахан морь нь хар усан хатираатай л
Хүрдлэх цэнхэр тэнгэрт гангар хунгийн сүрэг
Хүрч очихыг минь хүлээгээд даарсан ганганаатай байна уу л
Аянч шувуудын түүчээ тэнгэрийн элгэнд гарч
Айсах цагийн хяруу ч цавцайлаа даа, энд
Ахархан настай Монголын минь зун мөндрийн будантай лоо
Аав минь дээ, хүний амьдрал ч гэсэн айдархан ааш дөлгөөрөх зуурхан хугацаатай л.
***
Оломгүй хөх далайн дунд сульдсан өнчин завь шиг
Орь ганцаараагаа мэдэрсэн, хэцүү өдөр байлаа.
Одоо эндээс хааш сэлүүрдлээ ч амь гарах эрэг үгүйг
Олны дунд суухдаа ухаарсан, хэцүү өдөр байлаа.
Харанхуйн хүйтэн үхэр чулууд дээр ойсон сар шиг
Хүмүүст гэрэл болох гэж хичээсэн, хэцүү өдөр байлаа.
Аз жаргал буй гэж анхнаасаа л итгээгүй энэ амьдралынхаа
Адагт нь хүрэхээр зориглосон, хэцүү өдөр байлаа.
Чи намайг умартсан, би чамайг санасан
Хэцүү өдөр байлаа.
Чи бидний дундуур цасан шуурга хуйларсан
Хэцүү өдөр байлаа.
Нүд алдам цав цагаан цасан шуурганы гүн рүү
Нүдээ даартал чамайг харуулдсан
Хэцүү өдөр байлаа.
Сэрээд оргүй хоосонг мэдэрсэн
Хэцүү өдөр байлаа
Сэтгэл минь хавцлын цас шиг нурсан
Хэцүү өдөр байлаа.
Зүрх лаа шиг дэлсэж хэлэх үг минь барагдсан
Зүгээр л ингээд хаалгыг нь хаагаад орхимоор
Хэцүү өдөр байлаа.
Гэрийнхээ хаалга дарж гадаа сууж өнжмөөр
Хэцүү өдөр байлаа.
Гэмгүй яваад хүний гарт үрэгдсэн ах минь бодогдсон
Хэцүү өдөр байлаа.
Бударган руу шувуу шиг орж унтмаар
Бурханд гомдол төрсөн
Хэцүү өдөр байлаа.
Э.БҮЖИНЛХАМ “Сүнс урлал”


Бид энэ удаад “хань болох” хэмээн тодотгосон тул ямар нэгэн сэтгэгдэл, илэрхийлэмж бичилгүйгээр зөвхөн яруу найрагчдын шүлгийг л оруулж буй гэдгийг анхаарна уу. Яруу найрагч Э.Бүжинлхамын “Сүнс урлал” номоос авсан онцлох хоёр шүлгийг та бүхэнд хүргэе.
***
Хамгийн чухал нь энэ амьдралд
Хашхираан дундаас борооны чимээг сонсох
Хөгжим тоглож байхдаа гунигаа дэлгэж сурах
Хүүхдүүдэд амьдрал ид шидтэй гэдгийг хэлэх
Хамгийн чухал нь энэ амьдралд
Хачин чимээгүй нам гүм оршин тогтнох
Тогтоол ус шиг бүдэгхэн харцандаа л үүнийг хадгалж
Тодоос тод нүд бүхний анирыг эвдэх!
Хамгийн чухал нь энэ амьдралд
Харандаагаар үсээ шууж ханцуйгаа хойш шамлан
Халуун гунигт ертөнц рүү гараа дүрээд түлэгдсэн байсан ч
Хайчны үзүүр шиг иртэй залуу насаа мөнхөд магтах
Хамгийн чухал нь энэ амьдралд
Халдашгүй гүнийн ертөнц бүтээх
Өөрийн дотор орших жинхэнэ хорвоогоо
Өрөөл бусдаар сүйтгүүлэхгүй эрхэмсэг амьдрах
Хамгийн чухал нь энэ амьдралд
Хадаасаар өлмийгөө цоолох зоригтой байх
Тавхайнаас урссан цусаараа амьдрал зурах
Тааварламгүй тийм шаналант өдрүүдийг тэсэж үлдэх
Хамгийн чухал нь энэ амьдралд
Хайр л бидэнтэй үлдэнэ гэдгийг санах
Халаасан дахь сүүлчийн мөнгөөрөө
Хажуу хөршийн жаалд чихэр авч өгөх!
Хамгийн чухал нь энэ амьдралд
Хайрламаар, царцмаар сайхан сэтгэлтэй байх
Эрх чөлөө бол зүгээр л нигүүлсэл болохыг ойлгох
Эдгэшгүй, дуусашгүй зовлон үгүй гэдэгт итгэх!
***
Гэнэн тэгээд тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэрэлд хуруугаа түлээд үз, уйлтлаа дурлаад үз, туг үсээ зулгааж үз!
Хайртай хүн чинь харахгүй бол хашхираад үз, харааж зүхэж үз!
Харамлахдаа дээврээс үсэрнэ гэж сүрдүүлээд үз!
Гэнэн тэгээд тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэртээ харилгүй үүр цайтал ганцаараа алхаж үз, ганцаардаж үз!
Хагдарсан моддыг ч хамаагүй өрөвдсөндөө цурхирч үз, эмгэнэж үз!
Хагархай толинд өөрийгөө нэг хараад үз, хараал шидийн тухай сонирхож үз!
Гэнэн тэгээд тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэрээслэл хэн нэгэнд бичээд үз, үхэх тухай сайн бодоод нэг үз!
Галт тэрэгний зам руу үсрэх үү, гараа эсгэх үү гээд төсөөлөөд үз!
Галзуу юм шиг зоригтой байж үз, юу ч хийхэд бэлэн байж үз!
Гэнэн тэгээд тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэтэж хаалгаар гараад хэнд ч хэлэлгүй хаа нэг тийшээ яваад үз!
Зам бүхэн намайг тосог гэж шивнээд, хорвоогоор хэрэн тэнэж үз
Залбиран хумигдаж үз, бурханд итгэх үгүйгээ эртхэн шийдээд үз!
Гэнэн тэгээд тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэгээнтэн мэт аашилж байгаа бүхнээ бусдад өгч үз, өглөгч байж үз!
Үнэн сэтгэлээсээ инээж үз, уйтгарлаж үз, уймарч үз
Үхтлээ амьдарчхаж болмоор санагдвал өөрийнхөөрөө л туулаад үз!
Тө.БЯМБАСҮРЭНГИЙН “Үдэлт”-ээс олзлогдсон шүлгүүд


ЭЭЖДЭЭ БИЧСЭН БОГИНОХОН ЗУРВАС
Урд шөнө би шорлогчийн тэрэг түрж үзлээ
Уйлмаар санагдаад ганцаар хэцүү байсан юм
Хар өнгөний нууц нь захгүй уудам мэт
Харанхуй хот гэдэг улам ч том юм шиг ээ
Ерөөс өнчин шорлогчин, насаар надтай чацуу
Ертөнцийн олон дотроос намайг тоож ярилцлаа.
Эгцхэн шонгийн дор түр амсхийн
Ээжийн тухай сайхан шүлэг уншиж өглөө
Дөрвөн буудал газар малгайндаа хөлрөн явахад
Дүрэлзэх галынх нь утаа ороолт, хувцсанд шингэжээ
Өөрөөс минь харин юу түүнд дурсагдаж үлдэх бол
Өнөөх шүлгээс ядахдаа ганц мөрийг нь санаасай.
/69-р тал/
***
Эртэд гээсэн чавхны мод
Улиасны мөчир болоод цонх өөд саглайжээ.
Эмээгийн хаяанаас түүсэн хайрга чулуу шиг болжморууд
Уралдаж тэндээс цээж рүү харвачих гээд
Энд юунаас ч булзах газаргүй юм шив дээ!
Төсөөл дөө, хэн нэгэн
Эмээгийнхээ хацрын улаан судсууд шиг
Дусаалын мөртэй хана налан суугаад, дурсамжиндаа
Төөрчихгүйн тулд цонх руу ширттэл
Эгээ л ёроолгүй нүдтэй хэдэн буурал шувуу, хуучин Дөрвөдийн
Дуу шиг эсвэл уулга алдалт шиг жиргээд байвал
Төсөөл дөө, тийм л үед
Чавх, Чулуу, эмээ, гэрийн сүүдэр…
Чадах уу даа, хамгийн энгийн зүйлсийг ч дурсахгүй байж?
/84- р тал/
Ойн салхи тоссон судаг
Навчсаар хальсан нь лав арван он.
Одоохон тэгширнэ гэж
Надтай хамт итгэснээс хэд нь одоо үгүй?
Нумартал дардаг цас бударсан бил үү
Нуртал урсдаг бороо асгарсан байл уу
Хээрийн ганц хагархай нь ч дүүрдэггүй газарт
Хэн, хэнийг үдэн улам л гүн болов.
Баахан модны навч оторлуулж
Баруун хойноос салхилсан нь лав арван он.
Хэчнээн навч ширгэж үйрсэн судаг, бид хоёр
Хэн хэнийхээ хоосныг
Хэмжиж ширтсэн нь бас л арван он…
/87-р тал/
“Үдэлт” /2018/ номоос авав.
Б.АЛТАНХУЯГ “Сүнсний нөгөө тал” шүлгийн номоос олзолсон шүлгүүд
***
Үргэлж дотор минь чимээгүй лугшсаар буй
Үхширмэл гунигаа сэдрээж орхилоо
Цуварч гарахдаа тэд үгсээр найрсаж
Цутгамал гуниг минь шүлэг боллоо.
Эмзэглэл, тунимхай сэтгэлийн гүнээс
Эгшиг дуулддаг нь сонин юм шүү?
Үүнээс өөрөөр тайтгарч чадахгүйг
Үнэндээ чи надаас илүү мэднэ.
Эртээдхэн би бичиг, цаасаа орхиод
Энхрийлж, араас чинь тэврэхэд
Цонхны цаана цас аяархан бударч
Цочсондоо чи минь уйлчхаж билээ.
Нурсан сэтгэлийг амархан өрдөггүй ч
Нулимс харах хамгаас хэцүү байдаг.
Алгаараа зөөлөн арчиж, шүлэг дуудахдаа
Аанай би гуниглаж зогсдог.
Инээмсэглээд чи над руу харахад
Илч гэрэл биеэр нэг тархана.
Тэврэлдэн зогсоо бидний өмнөх зураг бол
Тэнгэрээс унаж байгаа цасан ширхгүүд.
***
“Уулзмаар байна” гээд залгавал
Дэгдээд очихоо мэднэ, энэ зүрх.
Учирсан өвөл, цасны будраа, хөлөрсөн алга
Уучлал дунд чинь багтах дурсамжийг санана.
Хүүхэд шиг гэнэн занд чинь энэ хайр
Хүзүүний ороолт шиг зүүлттэй яваад итгэнэ.
Өөрийг минь багтааж шүлэг бичвэл чинь
Өмнөхөөсөө ч эрмэг амьдарч чадна.