
Америкийн цагаачлалын алба өнгөрсөн баасан гарагт дэлхийн хамгийн алдартай инфлүнсерүүдийн нэг, TikTok-ийн од нэг Хаби Лэймыг (Khaby Lame) визний хугацаа хэтрүүлсэн хэргээр баривчилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалын бодлогын хүрээнд Америкийн цагаачлалын алба АНУ даяар хууль бус цагаачдыг олноор нь барьж, албадан гаргах ажиллагаа явуулж байгаа билээ.
АНУ-ын Цагаачлалын албанаас мэдээлснээр Хаби Лэйм өнгөрсөн 4-р сарын 30-нд АНУ-д ирсэн ба түүнийг визний хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу Лас Вегас хотоос баривчилжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр Хаби Лэйм нь хууль сахиулагчдад баригдсан өдрөө суллагдаж, АНУ-ыг сайн дураар орхин гарчээ. Албадан гаргах тушаалын дагуу АНУ-аас эх орон руугаа буцаагдсан иргэдтэй харьцуулахад тус улсаас сайн дураар гарсан иргэд нь АНУ-ын хилээр дараа дахин нэвтрэх боломжтой юм.
Харин албадан гаргах тушаалын дагуу эх орон руугаа буцаагдсан иргэд АНУ-д 10 хүртэлх жилийн хугацаанд нэвтрэх боломжгүй болдог аж. 25 настай Сенегал-Итали гаралтай Хаби Лэймын богино бичлэгүүд коронавирусын цар тахлын үеэр алдартай болж, тэрээр одоогийн байдлаар TikTok дээр 162.3 сая дагагчтай болжээ. Итали улсын иргэний хувиар Хаби Лэйм АНУ-д албан хэрэг болон аялал жуулчлалын зорилгоор визгүй 90 хүртэлх хоног байх боломжтой аж. 6-р сарын байдлаар Америкийн цагаачлалын алба бичиг баримтгүй 51 мянга орчим цагаачдыг баривчилжээ.