
Journal of Peace Research сэтгүүлд нийтлэгдсэн Шведийн судлаачдын тайланд 2024 онд дэлхий даяар улс хоорондын 61 зэвсэгт мөргөлдөөн, тэр дундаа бүрэн хэмжээний 11 дайн гарсны улмаас 1000 гаруй хүн амь үрэгдсэн болохыг онцолжээ.
Бүрэн хэмжээний 11 дайны тоонд ОХУ-Украины дайн, Палестин-Израилын дайн, түүнчлэн Израилын Хезболла бүлэглэлийн эсрэг цохилтууд, Нигери дэх Исламын улс алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэл, Этиопын Тигрей мужид болж буй дайн зэрэг багтжээ.
2024 онд 1946 оноос хойш буюу Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн олон зэвсэгт мөргөлдөөн гарчээ. 2022 онд 56, 2023 онд 59 зэвсэгт мөргөлдөөн гарсан нь сүүлийн жилүүдэд зэвсэгт мөргөлдөөнүүдийн тоо тасралтгүй нэмэгдэж ирснийг харуулж байна.
Судлаачдын тооцоогоор 2024 онд “зохион байгуулалттай хүчирхийллийн” үр дүнд 160 мянга орчим хүн амиа алдсан ба нэг жилийн дотор урьдчилж төлөвлөсөн халдлагын улмаас 13 900 энгийн иргэн амь үрэгдсэн нь 2023 оныхоос 31 хувиар өссөн үзүүлэлт аж. Исламын улс алан хядах бүлэглэлийн халдлагуудаас болж 3800 орчим хүн амиа алдсаны дийлэнх нь тус бүлэглэлийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад зохион байгуулсан халдлагуудад өртсөн байжээ.