
Энэ долоо хоногийн эхээр АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн Лондонд хийсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч, худалдааны гэрээ хийсэн явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Худалдааны гэрээний дагуу Вашингтон Хятадын ховор металлын экспортын хязгаарлалтыг цуцалж, Хятад оюутнуудыг Америкийн их дээд сургуулиудад элсэхийг зөвшөөрсөн байна.
Ерөнхийлөгч Д. Трампын мэдэгдсэнээр Вашингтон Хятадын импортын бараанд 55 хувийн гаалийн татвар ноогдуулахаар болж, Бээжин АНУ-ын бараанд 10 хувийн гаалийн татвар тогтоохоор болжээ. Хятадын бараанд оногдуулж буй 55 хувийн импортын гаалийн татварт хоёр улсын харилцан тогтоосон 10 хувийн татвар, АНУ-д фентанил бодис хууль бусаар орж ирж байгаатай холбоотой тогтоосон 20 хувийн татвар, мөн Д. Трампын өмнө нь оногдуулсан 25 хувийн татвар багтаж байгаа аж. Хоёр улс зөвшилцөлд хүрэхээс өмнө Вашингтон Хятадын бараанд 145 хувийн импортын гаалийн татвар, Бээжин Америкийн бараанд 125 хувийн албан татвар тогтоогоод байсан билээ. АНУ-ын Худалдааны сайд Ховард Лютникийн мэдэгдсэнээр Хятадын импортын бараанд тогтоосон гаалийн татварын хэмжээ ахин өөрчлөгдөхгүй аж.