
УИХ-ын гишүүн Х.Болормаа болон холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн 13-р хороонд байрлах “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт ажиллаж, тус эмнэлгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаатай танилцлаа.
Уг эмнэлэг нь Монгол Улсад анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан гэдгээрээ онцлог бөгөөд 2024 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Тоног төхөөрөмж бэлэн ч хүний нөөц дутагдаж байна
СБД-ийн Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмаа эмнэлгийн одоогийн нөхцөл байдлын талаар ярихдаа:
“Манай эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ үе шаттайгаар хүлээн авсан. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа ажиллахад хамгийн тулгамдаж буй асуудал бол хүний нөөц. Бид дотоод зохион байгуулалт, бие даасан бүтэцтэйгээр ажиллаж байгаа ч эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ хомс байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн тэрээр өөрсдийн боломжоороо аль болох олон чиглэлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр зорьж буйгаа хэлээд:
“2025 оноос хэвтэн эмчлүүлэх тусламжийг тогтмол эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний тусламжийг ЭМДЕГ-тай гэрээний үндсэн дээр үзүүлж байна” гэв.
Сард 10 мянган иргэнд үйлчилж байна
200 ор бүхий хүчин чадалтай Сэлбэ нэгдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар амбулаторийн болон яаралтай тусламжийн чиглэлээр өдөрт дунджаар 300-350 хүн хүлээн авч, сард 10 мянга гаруй иргэнд үйлчилж байна.
Тус эмнэлэг Сүхбаатар дүүргээс гадна Чингэлтэй, Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэдийг мөн хамарч, 24 цагаар тусламж үзүүлдэг нь нийслэлийн хойд хэсэгт чухал ач холбогдолтой нэгдсэн төв болжээ.
Хими эмчилгээ, диализ, мэс засал нэвтрүүлнэ
Энэ сараас эхлэн хорт хавдартай иргэдэд зориулсан хими эмчилгээ, хөнгөвчлөх тусламжийг 30 ор бүхий тусгай тасагт эхлүүлж буй. Үүнээс гадна диализ болон мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж дууссан байна.
Х.Болормаа: “100 хувь ажиллуулахад бодлогын түвшний дэмжлэг хэрэгтэй”
“Сэлбэ нэгдсэн эмнэлэг бол эрүүл мэндийн салбарт түүхэн бүтээн байгуулалтын нэг. Гэхдээ 100 хувь бүрэн хүчин чадалтай ажиллуулахын тулд хүний нөөц, тоног төхөөрөмжийн асуудал зэрэг олон чиглэлд бодлогын түвшний дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа тул цаашид сайтар дэмжиж ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Шинээр байгуулагдсан “Сэлбэ” эмнэлэг нь бүтэц, хүчин чадлын хувьд иргэдэд чанартай тусламж үзүүлэх бүрэн боломжтой ч хүний нөөц, дотоод зохион байгуулалт, санхүүжилтийн асуудал нь ирээдүйн үйл ажиллагааг бүрэн хэмжээнд тэлэхэд саад болсоор байгаа нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв байв.
Иймд иргэдэд илүү хүртээмжтэй, ойр үйлчилгээ үзүүлэх зорилготой уг бүтээн байгуулалтыг цаашид тогтвортой, бүрэн хүчин чадалтай ажиллуулахын тулд төр, орон нутгийн хамтын ажиллагаа, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлага болон шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид ийн онцолж байлаа.