
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа бүс нутагт аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор Ирак дахь элчин сайдын яамны зарим ажилчдаа нүүлгэн шилжүүлж, Ойрх Дорнодод алба хааж буй АНУ-ын цэргийн албан хаагчдад байршлаа орхин явахыг зөвшөөрчээ. АНУ-ын эрх баригчид энэхүү шийдвэрээ ямар шалтгаанаар гаргах болсноо тайлбарлаагүй ч АНУ-Ираны цөмийн хэлэлцээ гацаанд орсон явдал мөн АНУ-ын Тагнуулын алба Израил Ираны цөмийн объектуудад цохилт үзүүлж болзошгүй гэж анхааруулсантай холбоотой байж болзошгүй аж.
Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Тегеран уран баяжуулалтаа зогсооно гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлж, Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцдаж болзошгүй учраас дипломат албаны ажилчдаа нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан болохоо онцолжээ.
Өнгөрсөн 4-р сард АНУ, Иран хоёр шууд бус яриа хэлэлцээгээ эхлүүлсэн юм. Вашингтоны зүгээс Ираныг уран баяжуулалт болон цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ бүрэн зогсоохыг шаардсан бол Тегераны зүгээс тус улсын уран баяжуулалтын хөтөлбөр нь зөвхөн иргэдийг эрчим хүчээр хангах зорилготой хэмээн мэдэгдэж, АНУ-ын хөрөнгө оруулалттайгаар Арабын орнуудтай хамтарч уран баяжуулалтаа үргэлжлүүлэх хувилбарыг танилцуулсан юм. АНУ-ын цэргийн баазууд Ирак, Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират зэрэг газрын тос экспортлогч орнуудад байдаг ба зөвхөн Иракт л гэхэд Америкийн 2500 орчим цэрэг алба хаадаг аж. АНУ-ын зүгээс дипломат албаны ажилчид, цэргийн албан хаагчдаа нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаснаас хойш газрын тосны үнэ 4 гаруй хувиар өссөн байна.