
Дараагийн Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон Г.Занданшатар нь 14 орчим жил төрд ажиллахдаа 20 шахам бие даасан хуулийн төсөл санаачилсан аж. Тодруулбал, Тэрээр 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газарт Гадаад харилцааны сайдын албыг хашиж байхдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаачлан батлуулсан байдаг.
Уг хууль Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт саарч, гадаадын хөрөнгө оруулагч нарыг үргээсэн “балагтай хууль” гэдэг.
Тухайн үед хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, болзошгүй хямралаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай цаг үе байсан нь үнэн. Анх санаачилсан тэр хуулийн төсөл бол ОХУ, Австрали гээд олон улсад байдаг хуулийн жишгийг үндэслэж боловсруулсан гэдэг. Ийм хууль байснаар дэлхийн маш олон эдийн засгийн хувьд хямралд өртөөгүй гэж хуулийг санаачлагч тайлбарладаг.
Хуульд тавьсан хөрөнгө оруулалтын босго 100 тэрбум, УИХ-аас зөвшөөрөл авах зэрэг хатуу заалтууд байсан. Энэ нь монголд хөрөнгө оруулах гадныханд хэтийдсэн шалгуур болж, өндийх гэсэн хувийн хэвшил, бизнесийнхэнд хөгжлийн тушаа болж, улсын эдийн засгийг улам хямрал руу түлхэсэн үйлдэл болсон.
Уг хуулийг санаачлагч Г.Занданшатарын хувьд хууль батлагдсанаас жил орчмын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа,
“Стратегийн хөрөнгө оруулалт зах зээлийн зарчмаас гадуур орж ирснээр худалдан авагчийн монополь тогтоож дотоодын зах зээлийг дампууруулдаг олон жишээ байдаг. Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалт нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд ч шууд нөлөөлдөг. Улс бүхэнд үндэсний эрх ашиг гэж байдаг. Түүнийг хамгаалдаг тогтолцоо гэж байдаг Ийм асуудал үүсэхээс сэргийлдэг, Засгийн газар хүнд сурталгүйгээр шуурхай журмаар зөвшөөрөл өгөх тухай журмын тухай л хууль байсан. Түүнээс хааж хязгаарласан агуулга байгаагүй юм” гэж тайлбарласан.
Энэ хуулийн хохирол бол “Чалко”-ийн монополь гэрээ, “Саусгоби Сэндс”-тэй холбоотой асуудал байлаа. Тавантолгой үнэгүйдэж, худалдан авагчийн монополь тогтсон нь өнөөгийн эдийн засаг, стратегийн ордуудын хямралын гол буруутан нь тэр хууль юм.