
Зургадугаар сарын нэгэн гарснаас хойш олон ахмад настан тэтгэвэр авдаг банкууд руугаа тэтгэврийн зээл авахаар хандаж байна.
Үүний учир “Тэтгэврийн зээлийг зургадугаар сарын нэгнээс хуучин журмаар олгох” тухай мэдээлэл юм.
Арилжааны банкууд 2025 оны зургадугаар сараас тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгож эхэлнэ гэж албаныхан мэдээлсэн гэх. Гэвч энэ шийдвэр хэрэгжихгүй байгааг ахмад настнууд хэлж байна.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэж Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцөлийг зөөллөж өгөх” хүсэлт тавьсан гэв. Харин Монголбанкнаас энэ оны хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн.
Тэрбээр, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл дээр тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны дагуу манайх ийм зохицуулалт хийсэн.
Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд тухайн үед шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан” гэсэн юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөр Тэтгэврийн зээлийн хуучин журмыг мөрдүүлэх эсэхийг шийднэ. Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал 2025 оны зургадугаар сарын 27-нд товлогдсон.
УИХ-аас 2020 оны 1 дүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг баталж, улмаар 2019 оны эцэст 757.8 тэрбум төгрөгт хүрээд байсан банкны салбарын тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2020 оны 1 дүгээр улирлын эцэст 160.7 тэрбум төгрөгт хүрч буурсан. Түүнчлэн, дээрх хуулийг даган банкны урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлдэгчийн тэтгэврийг жилд нэг удаа зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглосон.
Гэвч, УИХ-аас 2021 оны 5 дугаар сард баталсан банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэврийн зээлийг хязгаарласан заалт хасагдсан. Улмаар 2022 оны эхнээс банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны 2 дугаар сарын байдлаар 2,102.0 тэрбум төгрөгт хүрч /жилийн өсөлт нь 49.1 хувь/ 2019 оны эцэс үе буюу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдэж, өндөр настай иргэдийн өрийн дарамт огцом нэмэгдлээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэдийн тоо 2025 оны 1 дүгээр сарын байдлаар 514.0 мянга, дундаж тэтгэврийн хэмжээ 851.0 мянган төгрөг байна. Түүнчлэн, 2025 оны 2 дугаар сарын байдлаар 295.8 мянган иргэн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд нэг зээлдэгч дунджаар 7.1 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. ҮСХ-ны “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа 2023”-ны микро тоон өгөгдөлд үндэслэн тооцвол нийт тэтгэврийн зээлтэй өрхүүдийн 31.7 хувьд нь орлогын дутагдалтай буюу зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд үлдэж буй орлогоороо суурь амьжиргааны зардлаа хангах боломжгүй байна.
Тэтгэврийн орлогыг барьцаалсан зээлийн дийлэнх хэсэг нь ахмад настангуудын амьжиргаанд бус өөр зориулалтаар ашиглагдаж байна. Тухайлбал, Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгааны үр дүнгээс үзэхэд түүвэрт хамрагдсан ахмад настнуудын 60.6 хувь нь тэтгэврийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд тус зээлийг ихэнх тохиолдолд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийн гишүүдийн автомашин, байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдын хэрэглээнд зарцуулдаг байна. Ийнхүү тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулж байгаа нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамтад өртөх үндсэн шалтгаан болж байна.
Олон жилийн турш үргэлжилж буй тэтгэврийн зээлтэй холбоотой буруу тогтолцоо буюу тэтгэврийн зээл нь эргээд амьжиргааны баталгаажих доод түвшнийг хангахгүй болгож буй зохисгүй хандлага, улмаар зээл авснаар санхүүгийн түр хугацааны хэрэгцээг хангахаас илүүтэйгээр өрийн сүлжээнд оруулж буй системийн гажуудлыг засах, тохиромжтой арга замыг ашиглах нь чухал ач холбогдолтой юм.