
Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хоршооны тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн” үр дүнтэй хэрэгжиж байгаа билээ. Тус хөдөлгөөний хүрээнд малчин өрхүүд хоршоонд нэгдэн, зорилтот зээлийг авч, үр ашигтай зарцуулахын зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг олон давуу талууд гарч байна.
Монголбанкнаас гаргасан албан ёсны мэдээллээр, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдсан малчин хоршоологчид нийт 17.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг амжилттай хийсэн байна. Тус төслийн санхүүгийн сахилга бат, үр ашигтай байдал нь зээлийн эргэн төлөх чадвар өндөр байгааг харуулж байна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороон дарга С.Амарсайхан онцолсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 9,689 хоршоо байгуулагдаж, тэдгээрээс 6,885 хоршооны 23,581 малчин хамтран 798.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Малчин хоршоологчид зээлээ Үржлийн мал худалдан авах, өсгөн үржүүлэх, зах зээлд борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах цех байгуулах, өргөтгөх, Тоног төхөөрөмж шинэчлэх, Тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэлийн цех байгуулах, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулсан байна. Засгийн газрын зүгээс ирэх тав жилийн хугацаанд нийт 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон түлхэц өгөх хүлээлттэй байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдын нэгдэж, хоршооны зохион байгуулалтад орсноор зөвхөн зээлийн хүртээмж нэмэгдээд зогсохгүй, зах зээлд өрсөлдөх чадвар, орлогын тогтвортой байдал, ажлын байр нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байна.