
Шинэ Ерөнхий сайдтай болох гээд монголчууд уухайн халаг л. Пүрэв гарагт УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох эсэхийг хэлэлцэнэ. Түүнээс гишүүд асуулт асууж, үг хэлж пүрэв гарагт саарал ордон хөлж бужигнаан ихтэй л байх болов уу. Шинэ Ерөнхий сайдаа УИХ-аар оруулж томилоод, тангараг өргөх процесс өрнөсний дараа тэрбээр хэн, хэнийг кабинетдаа авч, гар нийлж ажиллах вэ гэдгээ шийдэх учиртай.
Энэ процесс баасан гарагт өрнөх болов уу гэж харж байна. Түүний Засгийн газарт багтаж, хоолонд орох хоёрдугаар ээлжийнхэн хэн, хэн, байх вэ гэдэгт таамаг дэвшүүлцгээе.
Эхнийх нь, МАН ДАНГААР ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛБЭЛ ИЙМ
Нэгэнтээ МАН-ын Бага хурлын гишүүд хамтарсан Засгийн газрыг дэмжээгүй. Энэ шийдвэрийг зөрчих болбоос МАН-ын Бага хурал дахин хуралдаж, шийдвэрээ хүчингүй болгох ёстой. 2025.06.09-нд болсон Бага хурал дээрээ бол Хамтрах эсэхийг яриагүй ч Ерөнхий сайдад нэр дэвшсэн хоёр хүн болох Г.Тэмүүлэн, Г.Занданшатар нар хэрэв Ерөнхий сайд болбол Засгийн газраа дангаар байгуулах нь зүйтэй гэж ярьсан гэдэг. Хэрэв тийм бол С.Бямбацогт, Э.Бат-Амгалан, Д.Цогтбаатар, Г.Дамдинням, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар өөртэй нь Ерөнхий сайдад хүч үзсэн Г.Тэмүүлэн, өөртэй нь ихэд ойр С.Төмөртөмөө нар Засгийн газарт нь заавал багтана.
Харин Г.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Б.Батцэцэг, Т.Мөнхсайхан, Б.Жавхлан тэргүүтэй Ерөнхийлөгчийн тодотголтой хүмүүсийг авч үлдэж магадгүй. Эсвээс Т.Мөнхсайханыг явуулж, Ж.Чинбүрэндээ Эрүүл мэндийн сайдын суудал өгч ч мэднэ.
Эрчим хүчний сайдаар хэнийг ажиллуулах нь хамгийн их анхаарал татаж буй. Б.Чойжилсүрэн сайд бол “ДЦС-3” ТӨХК-д хүн нас барсан асуудалд хариуцлага хүлээн дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ бол мэдэгдээд буй. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэгийн тухайд хамгийн өндөр магадлалтай ч, жагсаалтынх, Л.Оюун-Эрдэнийн хүн гэдгээр нь “жийх” магадлалтай. Эсвээс Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ц.Даваасүрэнг улираах ч магадлалтай.
Хоёрдугаарт, ХЭРЭВ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БҮРДҮҮЛБЭЛ ИЙМ
Элдэв бэрхшээл, сорилтоо давахын тулд хамтрах дээрээ тулбал АН-ыг жийгээд УИХ-д суудалтай бусад намтай хамтарч мэднэ. Үндэсний эвслийн Н.Номтойбаяр бол хэн Ерөнхий сайд болохоос хамаараад хамтрах эсэхээ шийднэ гэж ярьсан удаатай. ХҮН нам ч гэсэн Засгаас гарах асуудалд дурамжхан л байгаа. Хэрэв Г.Занданшатар хамтралыг сонгох бол МАН-ын Бага хурлаа дахин хуралдуулж, Бага хурлын гишүүдээсээ гуйх болов уу. Өмнөх шийдвэрээ хүчингүй болгоод өгөөч ээ гээд. Хамтрах дээрээ тулбал, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар, ХҮН намын Т.Доржханд нарт Шадар сайдын суудал бэлэглэх нигууртай. Тэгээд л дээр дурдагдсан нэрсээс тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүйхэн шиг авч үлдэх байх даа.
Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Ч.Номин, Б.Чойжилсүрэн нар одоо бүрдэх Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ илэрхийлчихсэн л байгаа. За, нэг иймэрхүү. Үйл явдал хэрхэхийг харах л үлдлээ.