
МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Гомбожавын Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2025.06.10/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьсан.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэж Үндсэн хуульд заасан. Энэ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ дахь МАН, АН бүлэг болон ХҮН намын зөвлөлд танилцуулахаар болсон.
Иймд УИХ дахь намын бүлгүүд 16:00 цагт хуралдахаар товоо зарлалаа. Үргэлжлүүлэн 18:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 20:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилохоор товлосон.
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналтай өнөөдөртөө танилцах шаардлагагүй гэж үзээд, пүрэв гарагт хэлэлцэхээр хойшлуулсан. Ингэхдээ “Өдөр алдаад шөнө” гэгчээр өнөө шөнө хэлэлцэхгүй гэж үзээд, пүрэв гарагт хэлэлцэхээр хойшлуулсан байна. Хойшлуулах саналаа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсэн.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар нар оролцсон бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжих эсэх дээр эрх баригч намын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэв.Хуралдааны эхэнд МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийжээ.Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдэн, 100 хувийн саналаар дэмжсэн.
Энэ зуур УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дуусаж, АН-ын бүлгийн удирдлагуудтай уулзаж, Ерөнхий сайдыг томилохдоо УИХ-д суудалтай улс төрийн намын бүх төлөөлөл оролцох ёстой гэсэн байр сууриа нэгтгэн, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж уг асуудлыг дүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.
Тодруулбал, Пүрэв гараг буюу 06 сарын 12-ны өдрийн 10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 12:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилохоор товлолоо.