
Хятадын эрх баригчид хүүхэд тээх орчин, амаржих үйл явцыг ээжүүдэд ээлтэй болгох хүрээнд энэ оны сүүл гэхэд 500-гаас дээш ортой бүх эмнэлгүүдийг амаржихаар очсон бүх ээжүүдэд нугасны гадна хөндийн мэдээгүйжүүлэг буюу эпидурал мэдээ алдуулалтыг хийж эхлэхийг үүрэг болгожээ. Хятадад жирэмсэн ээжүүдийн 30 орчим хувь нь л төрөлтийн үеийн өвдөлтийг намдаадаг эпидурал мэдээ алдуулалтыг хийлгэдэг бол бусад өндөр хөгжилтэй орнуудад амаржиж буй ээжүүдийн 70 гаруй хувь нь уг мэдээ алдуулалтыг хийлгэдэг байна. ДЭМБ төрөлтийн өвдөлтөө намдаах хүсэлтэй эрүүл жирэмслэлттэй ээжүүдэд эпидурал мэдээгүйжүүлэг хийхийг зөвлөдөг ба Франц улсад л гэхэд жирэмсэн ээжүүдийн 82 орчим хувь, АНУ-д 67 гаруй хувь нь эпидурал мэдээгүйжүүлэг хийлгэдэг байна. Бээжин эпидурал мэдээгүйжүлэгийг хүртээмжтэй болгох нь эрүүл мэндийн үйлчилгээний аюулгүй, ая тухтай байдлыг нэмэгдүүлж, хүүхэд тээж төрүүлэх ээлтэй орчныг бүрдүүлж, ард иргэдийг илүү аз жаргалтай болгоно гэж үзжээ. Хятадын зарим мужууд төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд төрөлтийн үед хийгдэх мэдээгүйжүлэгийн зардлыг эрүүл мэндийн даатгалд багтаасан байна. Сычуань муж л гэхэд төрөлтийн тоог нэмэгдүүлэх үүднээс гэрлэлтийн амралтыг 25 өдөр, амаржсаны амралтыг 150 өдөр болгон сунгажээ.