
Умард Атлантын Гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте ОХУ ирэх таван жилд НАТО руу халдаж болзошгүй тул НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэгт хүчний зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэхээр төлөвлөсөн тухай мэдэгджээ. Лондон хотод хийсэн мэдэгдэлдээ Марк Рютте НАТО-гийн гишүүн орнууд нэгдмэл байдлаар батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлснээр сүүлийн жилүүдэд улам бүр цэрэгжиж буй ОХУ-ын түвшинд очно гэжээ. М. Рютте энэ сард Гааг хотод болох чуулга уулзалтын үеэр НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ийхээ 5 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулахыг зөвшөөрнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр ОХУ-Украины дайн дууссан ч аюул заналхийлэл үгүй болохгүй аж. М. Рюттегийн тооцоолсноор Москва цэргийн албан хаагчдынхаа тоог багадаа 600 мянгад барьж, ДНБ-ийхээ 6.5 хувийг батлан хамгаалахын салбартаа үргэлжлүүлэн зарцуулснаар 5 жилийн дотор НАТО-гийн зүүн жигүүрт халдах боломжтой болох аж. Батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх шаардлагын тухайд М. Рютте, “ОХУ агаараас хэрхэн айлгаж байгааг Украины жишээн дээр харагдаж байна. Тийм ч учраас манайх агаарын орон зайг хамгаалж буй бамбайгаа бэхжүүлэх шаардлагатай.” хэмээн, НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн эсрэг системийг 400 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцолжээ.
Эх сурвалж: The Guardian