
Хууль бус цагаачдыг баривчилж буй явдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан үргэлжилж буйтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Лос Анжелес хотод Үндэсний гвардийн 2000 албан хаагч, 700 тэнгисийн явган цэргийг нэмж байршуулахаар болжээ. Өнгөрсөн баасан гарагт Америкийн цагаачлалыг алба Лос Анжелес хотод оршин сууж буй хууль бус цагаачдыг олноор нь баривчлах ажиллагаа явуулж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, тус хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөх эхлэлийг тавьсан юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Д. Трампын засаг захиргаа Үндэсний гвардийн болон тэнгисийн явган цэргүүдийг дайчлах шийдвэрээсээ буцахгүй гэдгийг онцолсон бол Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом Д. Трампын засаг захиргаа мужийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр Лос Анжелес хотод Үндэсний гвардийн цэргүүдийг байршуулж, Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн Д. Трампын засаг захиргааг шүүхэд өгчээ. Г. Ньюсомын мэдэгдсэнээр өнгөрсөн бямба гарагт орон нутгийн хууль сахиулагчид иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг хяналтдаа авч чадсан ч Ерөнхийлөгч Д. Трампын Үндэсний гвардийн цэргүүдийг дайчлах шийдвэр нөхцөл байдлыг улам дордуулсан аж. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Г. Ньюсом Ерөнхийлөгч Д. Трамп Калифорни мужийн удирдлагуудын хууль сахиулах албадаа удирдах, үүссэн нөхцөл байдалд хэрэгжүүлэх хууль журмаа тодорхойлох эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.
Эх сурвалж: BBC