
Урт хугацааны шударга бус гэрээ цэгцлэгдэж, Монголын технологийн салбар нэг алхам урагшиллаа.
2010 оноос хойш Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк (iT Park)-ийн нийт талбайн 37 хувийг буюу 2,625 м²-ийг “Өргөө-2” кино театр түрээслэн ашиглаж байжээ. Харин уг түрээсийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас эрс хэт доогуур буюу 1 м.кв талбайн түрээс ердөө ₮8,000 байсан нь олон нийт, салбарын мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн.
Энэхүү гэрээ 2023 онд дууссан ч “Өргөө-2” кино театр хуулийн дагуу талбайг чөлөөлөхөөс татгалзаж, улмаар 5.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс нэхэмжилсэн байдаг. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс МТҮП өөрийн эзэмшлийн талбайг буцаан авах нь зүйтэй гэж үзэн, “Өргөө-2” кино театрийг албадан чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
iT Park-ийн захирал Золзаяа энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ:
“Шүүх шударга шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Магадгүй дээд шүүхэд давж заалдах тохиолдолд ч хяналтын шатанд хүлээж авахгүй байх магадлал өндөр. Анхан болон давж заалдах шатны шүүх дээр гарсан шийдвэр 100 хувь, үг үсгийн өөрчлөлтгүй давхцсан учраас бидний хувьд итгэлтэй байна” хэмээн онцоллоо. Гэсэн ч 2025 оны 3-р сарын 31-ний өдөр албадан чөлөөлөх шийдвэр гарсан хэдий ч “Өргөө-2” кино театр уг шийдвэрийг үл хүндэтгэн, дахин дамлан түрээслэгчийг байршуулсан, мөн байгууллагын хаягаа өөрчлөх зэргээр шүүхийн шийдвэрийг зөрчсөн байна. Энэ нь хууль ёсыг үл ойшоосон, зохион байгуулалттай үйлдэл гэж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
Шударга бус гэрээний цаана юу болсон бэ?
2010–2022 оны хооронд “Өргөө-2” кино театрын зах зээлийн бус хэт бага үнэтэй түрээсийн улмаас iT Park нийт ₮11.5 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд байгууллагын өмнөөс төлсөн татварын хэмжээ ч ₮161.5 саяд хүрсэн байна. Гэвч хамгийн ноцтой асуудал нь тухайн түрээсийн талбайг ₮8,000-оор авчихаад ₮60,000–120,000 хүртэл үнээр цааш дамлан бусад бизнесүүдэд түрээслүүлж байсан нь шүүхийн шийдвэрээр нотлогджээ.
Түүнчлэн, iT Park-ийн 565 м² талбайгаас “Өргөө-2” ямар ч түрээс төлөлгүй ашиглаж байсан бөгөөд одоо энэ хэсэгт нөхөн олговор нэхэмжлэх шийдвэр гарсан байна. Золзаяа захирлын мэдээлснээр, “Манай байгууллага энэхүү дутуу орлого, хохирлын нөхөн төлбөрийг хууль ёсоор нэхэмжлэхээр ажиллаж байна” гэжээ.
Хохирлын цаад цохилт
Уг маргаан нь ганц iT Park-ийн асуудал бус, Монголын стартапуудын бизнесийн өсөлт, алдагдсан боломжийн тухай яриа болсныг мартаж болохгүй. Яг л энэ маргаан үргэлжилж байсан 2020–2021 онууд нь олон залуу технологийн стартап хөл дээрээ босохыг зорьж байсан, ховор боломжийн он жилүүд байсан билээ. Өнөөдөр iT Park-д 24 стартап бойжиж байгаа бөгөөд тэдгээр нь нийт түрээсийн талбайн 80 хувийг эзэлж байна. Хэрвээ “Өргөө-2” кино театрын эзэмшиж байсан талбайг зориулалтын дагуу ашиглавал, одоо үйл ажиллагаа явуулж буй стартапын тоо 2–3 дахин нэмэгдэх бүрэн боломжтой. Үүнээс гадна R&D төв байгуулах, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадагш гарах гараа илүү хүчтэй болох боломжтой гэдгийг салбарынхан онцолж байна.
Уг маргааны суурь нь 2011 оны үед тавигдсан, тухайн үеийн удирдлагуудын гаргасан алдаатай шийдвэр, эрх мэдлийг ашигласан шударга бус үйлдэл байсан талаар олон асуулт хариултгүй хэвээр байна. “Кино театрт давуу эрх олгосон албан тушаалтан хэн бэ?” гэсэн асуултад олон нийт, мэргэжлийн байгууллагууд хариулт нэхсээр байна.
Золзаяа захирал энэ талаар:
“Хэн тухайн үед захирал байсан, хэн төрийн өмчийн хорооны дарга байсныг олж тогтоох ёстой. Энэ бол зөвхөн нэг байгууллагын биш, технологийн салбарын хөгжлийг хохироосон асуудал.” хэмээн илэрхийлсэн юм.
Технологийн салбарын хөгжил, залуусын бизнесийн гараа болж байдаг инкубатор төвийг зах зээлийн бус түрээсээр барьцаалж, бусдад дамлан ашиг олж байсан энэхүү жишиг бол Монголын нийгмийн үнэт зүйлсийн зөрчлийг ил тод харуулсан хэрэг байлаа.Гэвч шүүхийн шударга шийдвэр, залуусын тууштай тэмцэл нэгэн том бул хар чулууг зайлуулж, шинэ боломж нээгдэж байна. Эцэст нь хэлэхэд, хотын А бүсийн 1 м.кв талбайг ₮8,000-оор түрээслэх боломж хэнд ч олддоггүй. Гэвч зарим “эрх мэдэлтэнд” бол тэр нь боломж болдог, нөгөө талд залуус мөлхөж, тэмцэж, даваад гардаг…
Гэхдээ энэ ялалт зөвхөн нэг байгууллагын биш, бүхэл бүтэн салбарын ялалт байлаа.