
Одоогоос сар орчмын өмнө АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн өсөөд байгаа юм. Энэ талаар бид газар дээр нь очиж сурвалжлахаар Долоон буудалд байрлах худалдааны төвийг зорилоо.
-Таны хувьд хэд дэх жилдээ махны худалдаа эрхэлж байна вэ?
– Би 18 жил мах зарж байна. Долоон буудал дахь энэ лангуундаа мах худалдаалаад 10 жил болж байна.
-Тэгвэл та иргэдийн амьдралын нөхцөл байдлыг дэргэдээс нь маш сайн харж байгаа хүний нэг юм байна шүү дээ. Өнөөдөр иргэд анхан шатны хэрэгцээ болох хоол хүнсээ худалдан авах чадвар ямар байна?
– Надад бол жил ирэх тусам худалдан авах чадвар нь муудаж байгаа ажиглагдаж байна. Коронавирус гарсантай холбоотой юу, төр засгийн бодлого муу байгаагийнх уу сан хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л “жижиглэн” авч хоол хийдэг хүмүүс хүртэл олширсон байна шүү дээ.
-Жижиглэн гэхээрээ юу билээ?
-Жижиглэн гэхээр хонины элэг, уушги, зүрх, бөөр гээд таван цулыг жижигхэн болгож хуваагаад холихыгхэлж байгаа юм. Тэр бөөнхөн зүйлээ жижиглэн гэж нэрлээд 1500 төгрөгөөр зарна. Нэг удаагийн хоолных гэсэн үг. Тийм жижиглэнг хүмүүс их авч байгаа харагддаг.
-Та махныхаа хажуугаар цувдай зардаг юм байна шүү дээ. Хэр их зарагдаж байна?
-Дайвар сайн зарагддаг. Махны үнэ өсөх тусам л дайвар их зарагдана. Мах үнэтэй болохоор хүмүүс боломж муутай үедээ авч хүчрэхгүй байна шүү дээ.500 гр хонины цул, нэг килограмм хонины цул авна. Хонины гуя авах гэхээр мөнгө нь хүрэхгүй голоор нь хуваагаад сүүлээ голоор нь хуваагаад авна. Энэ мэтээр иргэд өнөө маргаашийнхаа хоолыг авч байна.
-Танд өрийн дэвтэр бий юу? Байгаа бол та харуулаач. Хэр зузаан болсон бэ?
-Өрийн дэвтэр байлгүй яахав. Нэг ч биш нэлээн хэд байна. Харин заримынх нь нэр усыг бичсэн учир харуулах зохимжгүй байх. Манай энэ хэсэг дахин төлөвлөлтөд орчихсон. Өртэй хүмүүс маань нүүж яваад би гэдэг хүн цаасан дээр бичсэн нэр дугаартайгаа үлдэж байх шиг байна. Энэ дашрамд хэлээд авъя гэж бодлоо. “Манайхаас мах зээлж авсан хүмүүс намайг таньж байвал сэтгэл гаргаад ирээд өрөө өгчхөөрэй” л гэж хэлье дээ
-Миний хувьд Чихэр, жимс, жигнэмгийн лангуу ажиллуулдаг. Гэтэл шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш урдаас ирдэг жимсний үнэ, хойноос ирдэг чихэр, жигнэмгийн үнэ нэмэгдчихээд байна. Жишээ нь хайрцаг алим 65 мянган төгрөгөөр ирдэг байсан бол 75 мянган төгрөг болсон байна. Жигнэмэг ч мөн адил хайрцаг тутамд үнэ нь нэмэгдсэн. Би худалдаа үйлчилгээ эрхлээд 20 гаруй жил болж байна. Иргэдийн худалдан авах чадвар үнэхээр доройтсон. Баяр ёслолын үе л биш бол жимсээ хоёр, гурваар нь ширхэглэж авч байна. Шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш үнэ нь нэмэгдээгүй бараа бүтээгдэхүүн гэж байхгүй сүүний үнэ хүртэл 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь зөвхөн худалдан авагч нар ч гэлтгүй худалдаачид бидэнд ч хүнд тусаж байна. Жишээ нь бид өмнө нь жимсээ зургаа долоон хайрцгаар нь авдаг байсан бол одоо хоёр гурван хайрцгаар л авч байна.
-Алтан тариа гурил гэхэд килограмм тутамдаа 1000 төгрөгөөр үнэ нь нэмэгдсэн байна. 25 килограмм гурилын үнэ 20 мянган төгрөгөөр нэмэгдлээ гэсэн үг шүү дээ. Ургамлын тос,будаа, гоймон гээд үнэ нь нэмэгдээгүй зүйл алга. Өргөн хэрэглээний бүх л барааны үнэ нэмэгдсэн. Гэтэл эсрэгээрээ иргэдийн худалдан авах чадвар маш муу байдаг. Барааны үнэ нэмэгдээд ирэхээр худалдаачин бид нар хүртэл одоо яана гээд л хотойж байна.