
Мэдээлэл технологийн суурь ур чадварыг ерөнхий боловсролын түвшинд нэвтрүүлэх зорилготой “Sprout Lab” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сурагчид анхны бүтээлүүдээ танилцууллаа.
“Sprout Lab” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид вэб сайт бүтээх мэдлэг, чадвартай болж, анхны бүтээлээ бие даан танилцуулсан нь боловсролын салбар дахь шинэлэг алхам байлаа. Энэхүү хөтөлбөр нь “Номт Наран” сургууль дээр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд сурагчид өөрсдөө сайт загварчлах, код бичих, дизайнаа боловсруулах зэрэг бүтээлч чадваруудыг бодитоор эзэмшжээ.
Pinecone Академи 10,000 инженер бэлтгэх зорилготой
“Sprout Lab” нь Pinecone академи-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг юм. Академи нь Монгол Улсад болон дэлхийд үнэлэгдэх 10,000 инженерийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 1000 гаруй төгсөгчийг боловсролын болон хөдөлмөрийн зах зээлд амжилттай гаргасан туршлагатай.
Академийн дэд захирал, Sprout Lab хөтөлбөрийн хамтран үүсгэн байгуулагч Б. Энх-Амар хэлэхдээ:
“Бид хэрэглэгч бус бүтээгч залуусыг бий болгох зорилготой. Sprout Lab нь зөвхөн мэдлэг олгохоос гадна сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн санаагаа технологиор дамжуулан бодит болгох боломж олгож байна. Бид одоогоор хоёр сургуулийн хүрээнд ажиллаж эхэлсэн. Цаашид нийт 10 сургуулийн сурагчдад энэхүү хөтөлбөрийг хүргэхээр, дүүрэг бүрт энэ чиглэлээр дагнаж хөгжих сургуулиудыг сонгож хамтран ажиллана”
Мөн тэд “Мянган багшийн хөтөлбөр”-ийг эхлүүлж, мэдээллийн технологийн чиглэлийн чадварлаг багш нарыг Монголд төдийгүй олон улсын зах зээлд бэлтгэж байгаа аж.
“Анх хэцүү санагдсан ч хийж чадсан”
Сурагчид өөрсдийн бүтээсэн сайт, сурсан зүйлсийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Х. Мишээл: “Анх iPhone-ийн веб сайтыг дуурайж хийж байсан. Одоо киноны веб сайт хийж байна. Код бичиж чаддаг бол өөрийн санаагаа хүссэнээрээ хэрэгжүүлж болдог”
Г.Дүүрэнжаргал: “Алдаа гаргах нь хэвийн зүйл. Код ажиллахгүй үед стрессддэг ч, анхааралтай ажиглаад алдаагаа олдог болсон”
С.Цэлмүүнбаяр: “Анх харахад хэцүү санагддаг байсан ч оролдоод үзэхэд болдог юм билээ. Айх хэрэггүй, хийж үзээрэй”
Олон улсын түвшний боловсролыг дотооддоо олгоно
“Номт Наран” сургуулийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий менежер Э.Халиун хэлэхдээ:
“Манай сургууль үндэсний хөтөлбөрийг олон улсын түвшинд хэрэгжүүлэх зорилготой. Pinecone академитэй хамтарснаар хүүхдүүд мэдээлэл зүйн хичээл дээр жинхэнэ мэдлэг эзэмшиж байна. Тэд кодоо өөрсдөө бичиж, сайтыг бүхлээр нь бүтээж чаддаг болсон нь маш том дэвшил”
Хүүхдүүд маань цагаа зөв боловсон өнгөрүүлж байна
“Энэ хөтөлбөр нь хүүхдүүдийг зөвхөн код бичиж сурахаас гадна бүтээлч сэтгэлгээтэй, хамт олонч, дижитал орчинд зөв харилцаж чаддаг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн”
Судалгаагаар Z үеийнхэн (Gen Z) өөрсдийгөө технологийн орчинд чадварлаг хэрэглэгч гэж үздэг ч бодит байдал дээр зөвхөн хэрэглээний түвшинд үлдэх нь түгээмэл. Sprout lab хөтөлбөрийн зорилго бол тэднийг хэрэглэгч биш бүтээгч болгоход чиглэж байгаагаараа онцлог бөгөөд хүүхдүүдийг технологиор дамжуулан ирээдүйдээ эзэн болох боломжийг нээж өгч буй шинэлэг хөтөлбөр билээ.