
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён амьдралын өртөг нэмэгдэж байгаа нь ард иргэдэд хүндээр тусаж байгааг онцлон, юмны үнийг тогтворжуулах арга хэмжээ боловсруулахыг үүрэг болгожээ.
Эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар зохих албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр Ли Жэ Мён, “Юмны үнэ нэмэгдэж байгаа нь ард иргэдэд хэтэрхий хүндээр тусаж байна. Тийм учраас өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, авч болох арга хэмжээ байгаа эсэхийг судлан, дараагийн уулзалтаас өмнө надад мэдэгдээрэй.” гэжээ.
БНСУ-ын Сангийн дэд сайдын мэдэгдсэнээр Бразилд шувууны ханиад дэгдсэний дараа БНСУ-ын засгийн газар шувууны ханиад бүртгэгдсэн бүс нутгуудаас тахианы мах импортлохоо зогсоосноор тахианы мах болон өндөгний үнэ нэмэгджээ.
Азийн 4 дэх том эдийн засгийн өсөлт АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргааны гаалийн импортын татварын нэмэгдлээс болж удааширч, 2025 оны эхний 3 сарын байдлаар агшиж, үүнтэй холбоотойгоор бодлогын хүү буурна гэсэн хүлээлт улам нэмэгдээд байна. Ажиглагчид Ерөнхийлөгч Ли Жэ Мён өрийн хэмжээ нэмэгдэх явдлыг үл харгалзан мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж таамаглаж байна.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com