
Калифорни мужийн Лос Анжелес хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан 3 дахь өдрөө үргэлжилж буйтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Үндэсний гвардийн албан хаагчдыг Лос Анжелес хотод тараан байршуулаад байна.
Цагаан ордны зүгээс эмх замбараагүй байдал цаашид үргэлжилбэл АНУ-ын тэнгисийн явган цэргүүдийг дайчлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом, Лос Анжелес хотын дарга Карен Басс нар Д. Трампын засаг захиргаанаас Үндэсний гвардийн 300 орчим цэргүүдийг Лос Анжелес хотын 3 байршилд тараан байршуулсан нь Калифорни мужийн хараат бус, бие даасан байдалд ноцтой халдсан явдал хэмээн цэргүүдийг эргүүлэн татахыг шаардсан бол Ардчилсан намын гишүүд Д. Трампын засаг захиргаа эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж үзжээ.
Лос Анжелес хотыг Вашингтоны Тумуотер хоттой холбодог АНУ-ын хурдны гол замуудын нэгийн хөдөлгөөнийг хааж, хэдэн хэдэн автомашиныг галдан шатаасан жагсагчид болон Үндэсний гвардийн цэргүүд хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум зэрэг үхэлд хүргэх аюул багатайд тооцогддог зэр зэвсгийг ашиглаж байна. Лос Анжелес хотын цагдаагийн газраас хууль бус, зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон хэргээр хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа ба тус хотын дарга Карен Басс иргэдийг тайван жагсахыг уриалжээ.
ЭХ СУРВАЛЖ: https://www.theguardian.com/