
Киргизстаны эрх баригчид Ош хотод байрлах ЗХУ-ын анхны удирдагч В. И. Лениний 23 м өндөртэй хүрэл хөшөөг буулгажээ. Төв Ази дахь Лениний хамгийн өндөр хөшөө гэгддэг байсан уг хүрэл хөшөөг Ош хотод 1975 онд хотын болон орон нутгийн захиргааны байрны өмнө байршуулж байжээ. Ажиглагчид уг үйл явдлыг Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнууд Оросын удирдлага дор оршиж байсан явдалдаа ач холбогдол өгөхөө больж, үндэсний онцлогоо сэргээхийг оролдож байгаагийн нэг илрэл хэмээн үзэж байна. Ош хотын захиргаа хотын архитектур болон гоо зүйг сайжруулах зорилготойгоор Лениний хөшөөг буулгаж, өөр газар байршуулахаар шийдсэн хэмээн мэдэгджээ. Лениний хөшөөний оронд Киргизстан улсын төрийн далбааг мандуулах баганыг байршуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC