
Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн Колумбийн сенатор Мигель Урибег өнгөрсөн бямба гарагт Богота хотын Фонтибон дүүрэгт нэгэн үйл ажиллагаа дээр үг хэлэх үеэр нь буудсан хэрэг гарчээ. Колумбийн Ерөнхий прокурорын мэдээлснээр 39 настай Мигель Урибегийн биеийн байдал хүнд ч тогтвортой байгаа аж. Колумбийн хамгийн том сөрөг хүчний нам болох баруун төвийн үзэлтэй Ардчилсан Төв намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн Мигель Урибег буудсан хэргээр цагдаа нар 15 настай хүүг баривчилжээ. Мигель Урибе нь Колумбийн улстөрд нэртэй гэр бүлээс гаралтай нэгэн юм. Түүний өвөө Хулио Сезар Турбай Айяла нь 1978-1982 онд Колумбийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бол түүний ээж Диана Турбай сэтгүүлчээр ажилладаг байжээ. 1990 онд Медельин хотын хар тамхины наймаачид Диана Турбайг хулгайлжээ. Харамсалтай нь түүнийг суллах зорилготой явагдсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр Диана Турбай цагдаагийн галд өртөн амиа алджээ. Харин Мигель Урибегийн эмээ Нидиа Квинтеро де Балказар Колумбийн амьжиргааны түвшин доогуур гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлдэг Solidarity for Colombia нэртэй санг үүсгэн байгуулагч аж. Харвардын их сургуулийг төгссөн Мигель Урибе 26 настайдаа Богота хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон улс төрийн карьераа эхлүүлж байсан ба 2022 онд Колумбийн парламентын сонгуульд ялалт байгуулж, Сенатын гишүүн болжээ. 1980-аад оны сүүл 90-ээд оны эхээр Колумби улсад улс төрийн хурцадмал байдал үүсэж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан нэртэй улстөрчид хар тамхины наймаачддын хөлсөлсөн алуурчдын гарт амиа алдаж байсан түүхтэй юм. Богота хотын дарга Карлос Фернандо Галан нь 1989 онд хар тамхины наймаачдын хөлсөлсөн алуурчдын гарт амиа алдсан Либерал намын тэргүүн Луис Карлос Галаны хүү юм. Харин Мигель Урибегийн гол өрсөлдөгч гэгддэг Мария Хосе Пизарро нь 1990 онд мөн л бусдын гарт үрэгдсэн M-19 Ардчилсан эвсэл намын тэргүүн Карлос Хосе Пизаррогийн охин аж.
Эх сурвалж:CNN