
СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургуулийн сурагчид тус сургуулийн сургалтын менежерийн нөхөр бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй мэдээлэлтэй холбогдуулан талуудын байр суурийг хүргэж байна.
ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДСАН МАНАЙ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН НӨХӨР ААВЫГ МААНЬ ДАРАМТАЛЖ БАЙГАА
Сурагч нэр, овгоо хэлэхгүй гэсэн тул түүний Ж гэе .
“Манай сургуулийн сургалтын менежер С гэж хүн бий. Жил болгон түүний ойр хавьд хэдэн хүүхэд гар хөл нь болж ажилладаг. Би 10 дугаар ангийнхаа зyн шинэ элсэгчдийн дүрэмт хувцас хариуцан ажиллахдаа сургалтын менежертэйгээ ойр дотно болсон. Харин 11 дүгээр ангийн өвөл гэхэд багштай ойр дотно учраас цагаан сарын өмнө гэрт нь бууз хийж тусалсан.
Сургууль дээр оройтох бол наад захын асуудал. Оройтсон үеүддээ багшийн гэрт хоночихдог байсан юм. Тэдний хүүхэд надтай чацуу. Нэг өдөр багшийн нөхөр нь залгаад тэр хүүхэд дээр хамт оччихоод ирье гэсэн.
Гэтэл надтай чацуу гээд байгаа өөрийнхөө хүүхэд дээр очилгүй өөр тийшээ явчихсан. Явж байхдаа миний утсыг булааж аваад зургуудыг маань устгасан, хөх болон биеийн маань бусад өөр хэсгүүдийн зургийг томруулж харсан. Дараа нь үнсэх гэж дайрсан, хөх, өгзөг рүү гараа хийсэн, базсан.
Би уг нь энэ асуудлыг дараад өнгөрье гэж бодсон боловч түүний эхнэр болох манай С багш намайг элдэвлэж эхэлсэн.
Цагдаагийн байгууллага болон бусад 6-7 газар хандсан боловч бүгд хаагдсан. Мөн манай сургалтын менежер надаар бусад багш нарыг тагнуулдаг байсан. Тэдний зураг бичлэгийг нь хийлгэдэг байсан.
Тэр баримт нь ч надад байгаа. Хүүхдүүдийг П гэж харааж байгаа баримт ч бас байгаа. Цагдаагаас намайг насанд хүрээгүй учраас аавтай маань байцаасан. Ийм ийм үйл явдал болсон гэж хэлэхэд тухайн харьяа дүүргийнхээ газар хэл гэсэн.
Цаашлаад энэ хэргийг чинь хаалаа, тэр хүнийг нь ахиад битгий тэг гээд хэлээд өгье гэж хэлсэнд би гомдолтой байна. Энэ асуудал зөвхөн надад ч байгаа юм биш. Өөр олон гомдолтой хүүхэд байдаг.
Одоо хүүхдүүд намайг ил шоолохгүй байгаа ч гэсэн би их айж байна. Мөн тэр ах манай аавтай тохиролцох гэж оролдож байгаа. Аавын ажил дээр ирэх, ажлын газрынх нь даргаар яриулах асуудал гарч байна” гэв.
“БАДМААРАГ” СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Л.МӨНХТӨР: ЯРИА ӨГӨХГҮЙ
Бид Бадмаараг ахлах сургуулийн захирал Д.Мөнхтөрөөс тодруулга мэдээлэл авах гэсэн боловч дараах хариултыг өглөө.
Тэрбээр,
“Энэ асуудлыг цагдаа, шүүхийн байгууллага мөрдөж байгаа. Манай сургуульд цагдаа, хүүхдийн эрхийн байгууллага ажиллаж байна. Нөгөө тал нь ч гэсэн цагдаад мэдэгдсэн. Бид хүүхдээ л аюулгүй байлгана. Нөхрийнх нь хэрэгт холбогдуулан ажлаас халаагүй, арга хэмжээ аваагүй байгаа” гэв.
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН НӨХӨР н.А: СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ НЬ МАНАЙ ЭХНЭРИЙГ АЖЛААС ХАЛАХ ГЭЖ ИЙМ ЮМ ЗОХИОЖ БАЙНА
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх сэтгүүл зүйн зарчмын дагуу уг хэрэгт холбогдож буй Сургалтын менежерийн нөхөр гэх хүнтэй бид утсаар холбогдон дараах тайлбарыг авсан юм.
Сэтгүүлчид нэг талаа барьж ажиллаж болохгүй. Хоёрдугаарт цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаад хаачихсан. Наад хүүхэд чинь 17 настай л болохоос доторх нь том хүн. Хүний нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна.
-Хуулиараа 17 нас чинь насанд хүрээгүй хүүхэд гэсэн үг шүү дээ?
-Наадах чинь том хүн ойлгосон уу? Насанд хүрээгүй л болохоос том хүмүүстэй юм хийгээд яваад байна. Сургуулийн захирал н.Мөнхтөрийг шалгасан юм уу? н.Урнаа гэдэг захирлыг нь шалгасан юм уу? Бусад хүмүүсээс лавлахгүйгээр нэр хүндэд халдаж байна. Би цагдаад мэдүүлгээ өгчихсөн. Энэ хүүхэд худлаа үнэн яриад хүний нэр хүндэд халдаад явна. Намайг, багшийн нөхөр хүүхэд хүчиндсэн гээд яриад явдаг нь ямар утга учиртай юм бэ. Зөвхөн манай эхнэрийг ажлаас нь унагах гээд л ингээд явна гэж бодож байна.
-Тус хүүхэд танайд цагаан сарын бууз хийсэн гэсэн мэдээлэл байна. Та тэр үед хажууд нь байсан нь уу?
-Тийм юм байхгүй. Тийм баримт байвал хамаа алга шүү дээ. Гаргаад ир.
ЦЕГ: ХЭРГИЙГ ПРОКУРОР ЛУУ ШИЛЖҮҮЛСЭН
Бид энэ хэргийн талаар албаны эх сурвалж болох ЦЕГ-аас тодруулахад,
“Ийм төрлийн гомдол, мэдээлэл 05 сарын 21-нд бичгээр ирсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар 05 сарын 27-нд прокурорын байгууллагад шилжүүлсэн. Ямар санал хүргүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарна” гэв.
Эх срувалжуудын мэдээллийг тулгахад зөрүүтэй байна.
Тухайлбал хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх С багшийн нөхөр хэргийг цагдаа, шүүхийн байгууллагаас шалгаад хаасан хэмээн ярьсан боловч цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хэрэг шалгагдаж прокурорын байгуллагын хяналтад байгаа гэдгийг онцолсон юм.