
Японд хүүхдэдээ содон нэр өгөхийг хоригложээ
Японд өнгөрсөн сард канжи дүрс үсгийн дуудлагатай холбоотой шинэ журам мөрдөгдөж эхэлснээр япончууд шинээр мэндэлсэн хүүхдэдээ сонин содон нэр өгөх боломжгүй болжээ.
Сонин содон нэрс нь сургууль, эмнэлэг зэрэг нийтийн үйлчилгээний газруудад будилаан, төөрөгдөл үүсгэдэг явдлыг зогсоох үүднээс Японы засгийн газар шинээр төрсөн хүүхдийн нэрэнд зөвхөн албан ёсоор зөвшөөрөгдсөн канжи дүрс үсгүүдийг ашиглах журам гаргажээ.
1980-аад оноос хойш Японд эцэг эхчүүдийн дунд хүүхдэдээ онцгой, содон нэр өгөх хандлага нэмэгдэж, Пикачү, Найки (Nike брэнд), Дайя (английн Diamond гэсэн үг), Пү (Winnie the Pooh хүүхэлдэйн киноны баатар), Китти, Ожисама (ханхүү), Акүма (чөтгөр) гэх мэт сонин содон нэр өгөхдөө дуудлага төстэй сонсогдох канжи үсгийг ашиглаж иржээ. Гэвч канжи үсэг нь хэд хэдэн янзаар дуудагддаг учир хүүхдийн нэрийг яаж дууддагийг мэддэггүй тухайн хүн хүүхдийн нэрийг зөв уншиж дуудахад хүндрэл учрах явдал багш нар, эмнэлгийн ажилчдад цөөнгүй тохиолдох болжээ. Японы засгийн газар стандарт дуудлага нь засаг захиргааны бүртгэлийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна хүүхдэдээ онцгой содон нэр өгөх явдлыг бууруулна гэж үзжээ.
Японы засгийн газраас гаргасан журмын дагуу эцэг эхчүүд шинээр мэндэлсэн хүүхдийнхээ нэрийг бүртгүүлэхдээ нэрийнх нь дуудлагыг нь давхар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд хүүхдийн нэрэнд орсон канжи үсгийнх нь дуудлага эцэг эхийнх нь бичиж өгсөн дуудлагатай таарахгүй гэж үзвэл хүүхдийнх нь нэрийг бүртгэхээс татгалзах аж. Хүүхдэдээ онцгой содон нэр өгөх тренд зөвхөн Япон улсаар хязгаарлагдахгүй юм. 2016 онд хийсэн судалгаагаар 2004-2015 онд АНУ-д шинээр мэндэлсэн хүүхдүүдэд содон нэр өгөх явдал ихэсжээ.
БНХАУ-д ч мөн адил эдийн засгийн хурдацтай өсөлттэй зэрэгцэн иргэд нь индивидуализм, бие даасан байдлыг эрхэмлэх болж, үүнийг дагаад хүүхдүүддээ ч онцгой содон нэр өгөх хандлага нэмэгдсэн байна. Нөгөө талаас зөвхөн Японд онцгой содон нэрсийг хязгаарлаад байгаа юм биш. АНУ-д л гэхэд King, Queen, Jesus Christ, Santa Claus, Majesty, Adolf Hitler, Messiah, @, 1069 зэрэг нэрс нь хориотой байдаг аж. АНУ-ын Калифорни мужид л гэхэд хүний нэрэнд Англи хэлний цагаан толгойн 26 үсгүүдээс л байхыг зөвшөөрдөг байна. Иймээс тэрбумтан Илон Маск, дуучин Граймс нар хүүгийнхээ “X Æ A-12″ нэрийг “X Æ A-Xii” болгон өөрчилжээ.
ХБНГУ-д хүүхдийн нэр нь доромжилсон утга агуулгатай, хүүхдийн эрх ашигт халгаатай гэж үзвэл тухайн хүүхдийн нэрийг солихыг шаарддаг бол Шинэ Зеландад 2024 онд 40 хүүхдийн нэрийн бүртгэхээс татгалзжээ. Тэдгээрийн ихэнх нь хаан, ханхүү, гүнж гэх мэт хааны удам угсааны цол эрэмбүүд байсан аж.
