
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, зуслангийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд амарч, чөлөөт цагаа өнгөрөөх амралтын бүс болгон тохижуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажлын явц 80 хувьд хүрсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэн нь гол цөөрмийн эрэг дагуу майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, спортын олон төрлийн талбай, задгай театр, ногоон байгууламж, 100 машины зогсоол, нийтийн бие засах газартай байна. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар согоот, Шадивлан, Зуун мод, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Билгүүний энгэр, Майхан толгой, Ойн булаг зэрэг зуслангийн газрууд багтдаг.






