
ХААН БАНК: 5120092353 / IBAN: 96000500/ Хүүгийн ээж М.Отгонтуул
М.Отгонтуул гэх эмэгтэй манай сошиал суваг руу “Хүүгийн минь амь нас дээсэн дөрөөн дээр байгаа тул бидэнд туслаач” гэж холбогдсоны дагуу манай сурвалжлах баг тэднийг зорин очсон юм. Биднийг очиход эмээ, охин дүү нь, Билгүүн, мөн түүний ээж авралын нүдээр ширтэж байлаа. Тэрээр нөхрөөсөөсөө салаад 10 гаруй жил болж байгаа өрх толгойлсон ээж.
Тухайн үед хүүг зодсон хүүхдүүд насанд хүрээгүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээгээгүй ч эцсийн үр дүндээ хохирогч нь хохирч үлдэж…
18 настай Д.Билгүүн сургуулийнхаа хүүхдүүдэд зодуулснаас болж чихний дотор тархи, мэдрэлийн гол судсанд дахин хавдар үүссэн гэх оноштой яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна.
Энэхүү хорт хавдар нь тун аюултай байршилтай бөгөөд хавдрыг цаг алдалгүй эмчлэхгүй бол бүх бие саажилт өгч, улмаар амь насанд нь эрсдэл учрах өндөр магадлалтай байгаа юм. Хагалгаа хийлгэвэл эдгэрэх бүрэн боломж байгаа ч санхүүгийн асуудалтай нүүр тулж цаашид яах аргаа олохгүй байгаа талаар түүний ээж хэлсэн юм.
Хагалгаа амжилттай болоод хүү минь амьд үлдвэл улс эх орондоо хэрэгтэй хүн болгож ачийг нь хариулна
Хүүгийн ээж М.Отгонтуул:
- Миний хүү Билгүүн анх 2022 онд сургуулийнхаа хүүхдүүдэд зодуулж тархиндаа гэмтэл авч улмаар тэр гэмтлээсээ болж тархины хавдар болж 2022 онд Монголдоо 3-р эмнэлэгт хагалгаанд орж хавдраа авхуулсан юм. Яаралтай Монголдоо орохгүй бол явдлын ая даахгүй гэсэн. Маш их хожимдож цаг алдсан байсан. Тэгээд хагалгааны дараа хүндрэл гарч баруун нүүр залгиур хоолой саажилт өгч, баруун чих сонсголгүй болсон юм. Сайхан хүү минь амьдрах хувьтай байсан болохоор ээждээ эргэн ирсэн. Гэтэл хүүгийн минь чихний дотор тархи мэдрэлийн гол судсан дээр дахин хавдар үүссэн байна. Монгол улсад эмчлэгдэх боломжгүй гээд хайж, хайж Энэтхэгт эмчлэх боломжтой болохыг нь олж мэдсэн.
- Би өрх толгойлсон ээж. Хэзээ ч ажлыг голж байгаагүй. Өнөөдрийг хүртэл хичээсээр хүүхдүүдийнхээ мөрөөдлийг билүүлэхээр мөнгө хуримтлуулж байсан. Гэтэл гэнэт ийм зүйл тохиолдож байдгаа барж байна. Хавь ойрын хүмүүсээс тусламж хүсэж, өөрөө цалингийн зээл, ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад 200 саяас 50 саяыг нь босгож чадсан. Одоо үлдсэн мөнгөө олохын тулд та бүхний минь тусламж хэрэгтэй байна” гэж нулимс дуслуулан байж ярьсан юм.
Харин хүүгийн тухайд өсвөр насан дээрээ явж байгаа тул дотогшоо үг дуу цөөтэй байдал ажиглагдсан. Хэчнээн ярихыг хичээвч үгээ цэгнэж, бодлоо хянан, дотроо зангирч байсан нь эрхгүй сэтгэл эмзэглүүлсэн юм.
Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг
Д.Билгүүн:
- “Тухайн үед тэр хүүхдүүд яагаад намайг зодсоныг ойлгодоггүй. Гэхдээ би одоо тэр талаар бодоод байхыг хүсдэггүй юм. Нэгэнт өнгөрсөн асуудал. Харин одоо бол хурдан эдгэрээд ээжийгээ тайван байлгахыг хүсэж байна. Сургуульдаа ч явж чадахгүй, дуртай спортоороо ч хичээллэж чадахгүй, хүн бүр миний төлөө хичээж байхад би юу ч хийж чадахгүй байгаа нь хэцүү байна. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг”
Түргэн уур тэнэг зангаасаа болж болчимгүй үйлдэл хийх нь алсдаа хүндхэн хохирол авчирч байгаа нь харамсалтай. Амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүүд, амар тайван үрээ үлдээхийг хүсэж буй ээжид элэг нэгт монголчууд минь тусламжийн гараа сунгаарай.
ХААН БАНК: 5120092353 / IBAN: 96000500/ Хүүгийн ээж М.Отгонтуул