
ОХУ руу визгүй зорчдог гадаадын бүх иргэд тусгай QR кодгүйгээр тус улс руу нэвтрэх боломжгүй
Энэ сарын 30-наас эхлэн ОХУ руу визгүй зорчдог улс орнуудын иргэд ОХУ-ын эрх баригчдад аяллынхаа зорилгыг багадаа 72 цагийн өмнө урьдчилж мэдэгдсэн байх шаардлагатай болжээ. ОХУ-ын засгийн газраас гаргасан энэхүү шинэ журам нь ОХУ руу визгүй зорчдог бүх улс орны иргэд тэр дундаа Төв Азийн улс орнуудын иргэдэд үйлчлэх аж.
Шинэ журмын дагуу гадаадын иргэн нь ОХУ-ын хилээр нэвтрэхээс багадаа 72 цагийн өмнө “Госуслуги RuID” нэртэй аппликэйшнийг гар утсан дээрээ суулгасан байх ёстой. Уг аппликэйшн нь одоогийн байдлаар App Store, Google Play Store-т байхгүй байгаа ч Москва уг аппликэйшнийг 6-р сарын сүүл гэхэд боловсруулж дуусгахаар төлөвлөж байгаа аж.
“Госуслуги RuID” аппликэйшнийг суулгасныхаа дараа тухайн иргэн уг аппликэйшнд ОХУ ру ямар зорилгоор зорчих гэж буйгаа тайлбарлан, тус улс руу нэвтрэх хүсэлтээ илгээх аж. Хүсэлтийг тань хүлээн авсан тохиолдолд аппликэйшний зүгээс танд QR код олгох юм байна.
Уг QR кодоо тухайн иргэн ОХУ-ын хил дээр үзүүлэх ёстой. Москва Төв Азийн улсын иргэдийг нэг ёсондоо “цахим виз” авахыг шаардаж байгаа аж. Харин ОХУ руу визтэй зорчдог улс орнуудын иргэд, дипломат албаны ажилчид болон тэдгээрийн гэр бүлийнхэн, 6 хүртэлх насны хүүхдүүд, Беларусь улсын иргэд тусгай QR код авах шаардлагагүй ажээ.
Эдгээр ангилалд багтаагүй бусад иргэд ОХУ руу урьдчилж авсан QR кодгүйгээр нэвтрэх боломжгүй юм байна.