
Японд түүхэндээ анх удаа 700 мянгаас бага төрөлт бүртгэгджээ
Японы засгийн газраас гаргасан статистик тоогоор 2024 онд тус улсад бүртгэгдсэн төрөлтийн тоо өмнөх жилийнхээс 5.7 хувиар буурч, 1899 онд төрөлтийн тоог бүртгэж эхэлснээс хойш анх удаа 700 мянгаас бага үзүүлэлттэй гарчээ. 2024 онд тус улсад 686 061 төрөлт бүртгэгдсэн ба нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо өмнөх оныхоос мөн л буурч, рекорд тогтоожээ.
2023 онд Япон улсад нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 1.2 байсан бол 2024 онд уг үзүүлэлт буурч, 1.15 болжээ. Хүн амын тогтвортой өсөлтийг хангахад нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо багадаа 2.1 байх ёстой юм. Түүнчлэн Япон улсад 2024 онд 1.6 сая нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 1.9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Тус улсын хувьд төрөлтийн тоо сүүлийн 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа бол гэрлэлтийн тоо 2023 оныхоос 10 322-оор нэмэгдэж, 485 063-д хүрчээ. Японд төрөлтийн тоо 1973 оноос хойш тасралтгүй буурч, 2016 онд анх удаа 1 саяас доош, 2022 онд 800 мянгаас доош тоо бүртгэгдсэн юм.
1949 онд тус улсад 2.7 сая төрөлт бүртгэгдэж, рекорд тогтоож байсан бол өнгөрсөн онд бүртгэгдсэн төрөлтийн тоо нь үүний дөнгөж 1/4-т л хүрэх аж. Японы Хүн ам, Нийгмийн аюулгүй байдлын судалгааны үндэсний институт 2040 он гэхэд Японд нэг жилд бүртгэгдэх төрөлтийн тоо 680 мянга болон буурна гэж тооцоолж байсан ч уг таамаглал нь 15 жилээр түрүүлж биелсэн нь Японы эрх баригчдын санааг зовоож байна. Энэ байдлаараа үргэлжилбэл Японы 124 сая орчим хүн ам 2070 он гэхэд 87 сая болж, хүн амынх нь 40 хувийг 65-аас дээш насныхан бүрдүүлэх магадлалтай байна.
Хүн амын тоо буурч, хурдацтайгаар хөгширч байгаа нь эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй билээ. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн тэтгэмж, ахлах сургуулийн боловсролыг үнэгүй эзэмшүүлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлж, шинээр хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд амралтынх нь хугацаанд цалин хөлсийг нь бүтнээр олгохыг үүрэг болгожээ.
Засгийн газрын авч буй арга хэмжээнүүдийг үл харгалзан хүнтэй оройтож суух, хүүхэд гаргахгүй байх эсвэл цөөн хүүхэд гаргах хандлага япончуудын дунд байсаар байна. Зарим иргэд Японы засгийн газрыг залуу, ганц бие иргэдээсээ илүү зөвхөн гэрлэсэн хосуудад анхаарал хандуулж байна хэмээн шүүмжилж, зарим нь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, амьжиргааны өндөр зардал, ажлын байран дээрх жендерийн эрх тэгш бус байдал зэрэг нь хүн амын өсөлтөд нөлөөлж буйг онцолж байна.
2023 онд Nippon Foundation төвөөс хийсэн санал асуулгаар 17-19 насныхны зөвхөн 16.5 хувь нь ирээдүйд хүнтэй сууна гэдэгтээ итгэлтэй байна гэж хариулжээ.