
Л.Оюун-Эрдэнийн байгуулсан хамтарсан Засгийн газар тарлаа.
Дараагийн засгийн газар байгуулагдах хүртэл “Хэн хэн сайд болох вэ” гэсэн эрх мэдлийн төлөөх марафон эхэлжээ.
Хөшигний цаадах бужигнааныг үүрээ эвдүүлсэн шоргоолжнуудтай зүйрлэж болохоор…
Ямартай ч дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн орж ажиллахыг Ерөнхий сайд болох хүн маань шийднэ.
Огцорсон Засгийн газраас хэн хэн дараагийн засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах уу гэдэг дагавар асуулт ч гарч иржээ.
Улираавал түүний тэргүүлж байсан яамны үйл ажиллагаа бодлого чиглэлд тавих хэрэгтэй.
Нөгөөтээгүүр томилохдоо яамны хэрэгжүүлж байсан жишиг болохуйц бодлого чиглэлийг үргэлжлүүлэн авч, илүүг хийх гэдэг ийм л зарчмыг баримтлах нь зүйтэй болов уу. Үүний эхнийх нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам. 24 жилийн дараа анх удаа Соёлын яам байгуулагдсанд тус салбарынхан чамгүй баярлаад авсан. Харин сая байгуулагдсан засгийн газрын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон өргөжиж бүтцийн хувьд хэд дахин томорсон билээ.
Гэтэл хийж хэрэгжүүлж буй бодлого чиглэл хөрсөндөө бууж чадаагүйд салбарынхан нь ч шүүмжлэлтэй ханддаг. Жишээ нь. “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавьсныг Ч.Номин сайд өөрөө хэлсэн. Гэтэл өнөөдөр яг манай улсыг зорин ирэх жуулчдын тоо ямар байгаа вэ. Тийм олон хүн аялж чадаж байна уу, чадах уу гэдэг асуудал хөндөгдөж байна.
Бидний ямар соёл тэднийг татах юм гэтэл төдийлөн харуулчих юм алга. Гаднын улсын аль нэг инфлюсэр ирлээ гээд нэмэгддэг ч юм биш. Наанадаж л тэдэнд харуулчих урлагийн хөтөлбөр, аятай тухтай буудал, хоол унд байгаа юу гэвэл хэцүү.
Саяхан Ishowspeed /түүнийг соёлын яамнаас авч ирээгүй гэдгийг сануулж байна/ гэж ютүбэр манай улсад ирээд төв талбайн асарт орж “танай үндэсний хоол юу вэ” гэтэл Узбек плов хийж байсан түүх үлдсэн. Олон сая жуулчин ирсэн гэхээс илүү хэдэн пловны тогоо, зуухтай үлдсэн жишээ бий шүү дээ. Гэтэл тэр залуугийн сувгийг хэдэн саяар хүн дагадаг билээ. Тэдэнд үзүүлж харуулах юм төдийхнөөр дууссан нь л манай соёл урлаг, аялал жуулчлал ямар байгааг бэлээхэн нотлоогүй гэж үү!
Харин ч эсрэгээрээ аялагчид ирэх Go Mongolia биш өөрийн орны залуусаа Leave Mongolia болгох л болж таарах шиг боллоо.
Мөн түүнчлэн Ч.Номин сайдын санаачлан оруулж ирсэн хүүхдүүдэд өгөх 18 тэрбумын ваучер ч төсвөөс унаж байсныг уншиг ч та надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа биз ээ. Эцэст нь энэ бол хүнд чиглэсэн ямар нэг субьектив хандлага огтоосоо биш. Нөгөө талаас хууль батлах, бодлого хэрэгжүүлэх аль ч шатны албан хаагчдын жендерийн харилцаанд үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Гол нь эр ч бай эм ч бай хэн ч сайд болсон төрийн бодлого, гүйцэтгэх байгууллагын чиг үүргийн ажлууд хэвийн, чанартай л үргэлжилж байх ёстой гэдгийг анхаарах нь зүйтэй.
Мөн төдий олон жилийн дараа байгуулагдсан Соёл гэх үгтэй яамыг байх ёсгүй хэмээн бичиж буй хэрэг биш гэдгийг онцлууштай. Хамгийн гол нь бодлого шийдвэр нь оновчтой, бүтцийн хувьд цомхон яамтай, сайдтай болохыг л…