
Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амрах өдрүүд тодорхой боллоо
Энэ жилийн улсын их баяр наадмаар 8 хоног амарна. Тодруулбал, долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд улс даяар амрах юм.
Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гаригт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.
Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.
Энэ жилийн тухайд долдугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар найм хоног амрахаар болжээ.