
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс зарим улсын иргэдийг Америкт нэвтрэхийг хориглох зарлиг лхагва гарагт /2025.06.04/ зурсан байна. Тус зарлигт Афганистан, Мьянмар, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемений иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон аж.
Харин Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл зэрэг долоон орны иргэн АНУ-д нэвтрэхийг хэсэгчлэн хязгаарлана гэж албаны хүн мэдэгджээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жексон Х дээр мэдэгдэл гаргахдаа “Ерөнхийлөгч Трамп манай улсад ирж, америкчуудад хор хөнөөл учруулахыг хүссэн гадаадын аюултай этгээдүүдээс хамгаалах амлалтаа биелүүлж байна” гэсэн юм.
Хориг тавьсан орнууд нь “Хилийн шалгалтын тал дээр дутагдалтай тул АНУ-д өндөр эрсдэл учруулна гэж дүгнэсэн” хэмээн Цагаан ордон мэдэгджээ. Трамп анхны бүрэн эрхт хугацааныхаа үеэр лалын шашинтнууд дийлэнх байдаг долоон орны иргэдийг АНУ-руу хил давахыг хориглож байсан. Ерөнхийлөгч асан Жо Байден тус хоригийг 2021 онд цуцалсан байдаг.
Эх сурвалж: Reuters