
Тэр залуу бардамхан алхдаг ч
Тэнгэрийн дор гуньсхийж явдаг
Гутал тослох гудамжнаа Их сургууль нь байдаг
Гунигийн дуу шиг алсад Ижий нь суудаг…
Ж.Батбаатар яруу найрагчийн ийм нэг шүлэг бий.
Толгойгоо гурван зүгт эргүүлээд харвал Улаанбаатарын амьдрал хэчнээн эгэл жирийн үзэсгэлэнтэй гээч. Өөр, өөрийн баяр жаргал, гунигаа үүрсэн хүмүүс хөлхөлдөөд л. Өөр өөрийнхөөрөө л үзэсгэлэнтэй харагдах энэ амьдралуудын цаана “Амьдрах хэрэгтэй, араа шүдээ зуугаад ч хамаагүй амьд үлдэх хэрэгтэй” гэсэн итгэл л бат зогсоно.
Тэрэгчин, гуталчин, оёдолчин, үсчин. “Чин”-гүүдээс л чин сэтгэлээсээ амьдрах хүсэл ханхалдаг аж. Энэ хүмүүсийн нэг бол А.Батжаргал. Тэр анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс эхлээд л талбайн ойролцоо гутал тосолсон. Өдгөө Төв шуудангийн урд сууж байна. А.Батжаргал өглөөнөөс хойш таван хүний гутал тосолжээ. Нэг гутлыг 2500 төгрөгөөр тосолдог. Минут хүрэхгүй хугацаанд гутлыг нь гялтайтал нь өнгөлж өгчихөөд гар даллан үлдэх түүнийг хараад сэтгэлээ арчуулсан юм шиг л мэдрэмж төрж байлаа. Үйлчлүүлэгчид нь ч гэсэн сэтгэл нь хөнгөрсөн аятай явцгаах аж.
Оюун санаагаа нэхэн санавал Улаанбаатарын хаа нэгтээ түүн шиг гутал тослооч суудаг бил үү гэх бодол төрнө. Яаж ч нэгжээд хэн нэгний царай дүр төрх орж ирэхгүй юм. Тэгэхээр тэр манай хотын гудамжинд суудаг ганц гутал тослооч бололтой. Өдөржин гутал тосолж суугаад орой харихдаа ээждээ цайны сүүтэй очно. Ээж нь түүнд хязгааргүй баярладаг аж.
А.Батжаргал тусгай хэрэгцээтэй Тусгай 70 дугаар сургуулийг төгссөн. Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад суурь боловсрол олгож, тэднийг амьдрал, хөдөлмөрт бэлтгэн, засан сайжруулах, нөхөн сэргээх, бие даан амьдрах чадварт сургадаг сургууль юм гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй.
А.Батжаргал энэ хугацаанд хөлийнхөө таван хурууг, нэг гарынхаа гурван хурууг гутал тосолж суухдаа хөлдөөчихжээ. Гэхдээ л тэр бууж өгөлгүй 80 настай ээжийгээ цайны сүүгээ таслахгүйн тулд дөрвөн мөч бүрэн байхад би юу гэж зүгээр суух вэ дээ гэсээр л үлдлээ. Ахиад тэр энд хэдэн жил суухыг хэн ч хэлж мэдэхгүй.
Ийм нэгэн эгэл хүмүүний бичил түүхийг оршоовай