
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д зургаадугаар сарын 2-ны өдөр гал гарч, албан үүргээ гүйцэтгэж байсан эрэгтэй амиа алдсан. Мөн нэг хүн өдгөө эмнэлэгт буй. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулга мэдээлэл авахад тэрбээр, хариуцлага хүлээнэ, дараагийн Засгийн газарт орж ажиллаач гэсэн санал ирсэн ч ёс зүйн хувьд боломжгүй гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр Засгийн газрын 2025.06.04-ны өдрийн хуралдаанаар хариуцлагын асуудал яригдах болов уу, тухайн нас барсан хүний ар гэрт хаанаас анхаарах вэ гэдгийг ч мөн ярих болов уу гэсэн хүлээлттэй байсан ч ийм яриа болсонгүй гэдгийг Засгийн хуралдаанаас гарч ирээд ярьж байв. Харин Засгийн газрын хуралдаанд орохын өмнө “Би ёс зүйн хувьд хариуцлага хүлээж болно. Харин эрхзүйн хувьд асуудал бий. Учир нь 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний салбарын Төрийн өмчит компаниудын 66 хувийн хувьцааны эрхийг “Эрчист Монгол” компанид шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш бид үнэнийг хэлэхэд ойлгомжгүй байдалд орсон” гэв.
Харин “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “ТУЗ-ууд нь дүрэмдээ өөрчлөлт оруулаад, Эрчист Монгол 66 хувийг эзэмшинэ гэж өөрчлөлт оруулах ёстой. Тэр өөрчлөлтийг нь хувьцаа эзэмшигч нь буюу Засгийн газар нь батална. Тэгснээр энэ дүрэм хүчин төгөлдөр болоод, бид хууль ёсны 66 хувиа эзэмшдэг болно. Түүнээс биш “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн үйл ажиллаагааг манайх бүрэн аваагүй. Гэхдээ би бол хариуцлагаас зугтаад байгаа юм алга. Энэ салбарт реформ хийх шаардлагатай нь хоёр сар ажиллахад маш тодорхой харагдаж байна” гэв.
Ер нь бол маш товчхондоо энэ хэргийн буруутныг хууль хяналтын байгуулга шийднэ. Дахиад ийм аваар гарахыг үгүйсгэхгүй гэх хариултыг тэд өгч байна. Өвөл хөлдөх үү гэхэд “Төвөгтэй байдалд орж байгаа” гэх.
Б.Чойжилсүрэн сайд хариуцлага хүлээнэ гэгдэж буй ч “Салбарын өндөржүүлсэн байдал зарласан. “Эрчист Монгол” тодорхой арга хэмжээ авах байх” гэж асуудлыг өөрөөсөө түлхсэн дүр зурагтай л. Нэг нэгэн рүү энэ ийн шилжүүлсэн нь Эрчим хүчний салбарыг эзэнгүй харагдуулж байнам.